Жолоочийн зөрчлийн оноо гэж тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын жолооны үнэмлэхэд автоматаар олгогдох оноог хэлдэг.
Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалын хавсралтаар "Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам" батлагдсан. Уг журмаар Жолоочийн зөрчлийн онооны дээд хэмжээ 10 байхаар тооцож, зөрчлийн бүртгэлийн оноог дараах байдлаар хасахаар заасан байна. Үүнд:
- Тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид 2 оноо
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ жолоог шилжүүлсэн жолоочид 1 оноо
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолоочид 2 оноо
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид 1 оноо
- Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 2 оноо
- Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 2 оноо
- Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид 3 оноо
- Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид 2 оноо
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолоочид 1 оноо
- Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид 1 оноо
- Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 1 оноо
- Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50 хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд 2 оноо
- Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид 2 оноо
- Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид 2 оноо
- Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид 3 оноо
- Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид 1 оноо
- Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид 1 оноо
Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.
Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно.
Мэдээллийг бэлтгэсэн: Өмгөөллийн "Заяа энд Золоо" ХХН
Зургийг: Control.mn
Зургийг: Control.mn
Та илүү их мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл http://www.zuvulguu.mn сайт болон Zaya&Zoloo law firm Фэйсбүүк хаягаар зочлох, эсвэл 7000-0809 дугаарт хандана уу.
Comments