Монголын шилдэг хуулийн фирмүүдийн нэг “И Эл Си”-гийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Баяртай ярилцлаа.
Та өөрийгөө тодорхойлохдоо “Буурал” Баяр хэмээн бичиж байсан. Бүдрагчаагийн Баяр гэхээсээ илүүтэй “Буурал” Баяр гэж хүнийг тодорхойлж хэлбэл ямар хүн бэ?
Миний үеийнхнээс идэвхтэй ажил хийгээд олон түмний дунд яваа хүмүүс цөөрөөд, ихэнх нь тэтгэвэртээ гараад, одоо харилцаж байгаа нь ихэвчлэн залуучууд байна. Суусан цэцнээс явсан тэнэг илүү гэдэг. Би олон газраар явлаа. Шинэ Зеландад 1995-1999 онд дөрвөн жил сурсан. Ирээд Америкаас эхлээд нэлээн явсан. Хамгийн хол нь Аргентин руу 2008 онд IBA-гийн /Олон улсын Хуульчдын холбоо/ хуралд 47 цаг нисэж очиж байлаа. Түүнээс хойш тус хуралд жил бүр оролцож, давхар аялал хийсэн. Тэгж явахад хөгжил гэдэг ийм юм байна даа, бид хүссэн хүсээгүй ийм зам руу л явж байгаа юм байна гэх бодол төрдөг. Буцаад Монголдоо ирэхэд өнгөрсөн үе рүүгээ ирсэн юм шиг санагддаг. Энэ бүгдийг ажиглаад одоо бид ийм юм хийх ёстой гэж хэлэхэд зарим хүмүүс шүүмжилдэг л дээ. “Зөв чиглэлд явах хэрэгтэй байна нөхдөө” хэмээн хэлээд байгаа гэж өөрийгөө боддог. Дунд нь өөрийгөө “буурал” гэж байгаа маань уянгын халил юм шүү.
Англи хэлийг хэрхэн сурч байв?
Би цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа 1988 онд англи хэл сурах гээд эчнээ оюутан болж байв. МУИС-д 1988-1991 онд 3 жил сурахдаа өдөрт 16 цагаас хойш хичээлд явдаг байсан учир дарга нар маань жаахан дургүй байлаа. Сургуулийн төлбөр тэр үед 800 төгрөг. Миний 1 сард авдаг цалин бас 800 төгрөг байсан үе. Сурч байх хугацаандаа англи хэл суръя гээд үнэхээр зүтгэсэн. Одоо хийж байгаа ажил маань тэр зүтгэлийн үр дүн гэж боддог. Нэг сурах бичиг байдаг байлаа. Бонкийн “Учебник английского языка” гээд. /Номын сангаасаа ном гаргаж ирж үзүүлэв./ Энэ их хялбархан ном. Би энэ ном дээр түрүүлж ажиллаж дуусчихаад барууны сэтгүүлүүд болох “Times”, “Economist” шууд унших гэж оролддог байлаа. Гурван жилийн дараа төгсөхөд ямар ч гэсэн бичгийн англи хэлтэй болсон доо.
Та тэтгэлэгтэйгээр Шинэ Зеландад сурах боломжийг хэрхэн бүрдүүлж байв?
Тэр үед интернет гэж ийм гоё зүйл байгаагүй. “Тэтгэлэг олгодог 200 сургууль” гээд нэртэй ном олж аваад байсан юм. Тэр номыг яаж ч олж авсан юм бүү мэд. Тэгээд тэр сургуулиуд руугаа захиа бичиж эхэлсэн. Интерполд ажиллаж байсны хувьд надад англиар захиа бичих боломжтой бичгийн машин байсан. Их олон сургуулиуд руу бичиж явуулснаас татгалзсан хариу олон авч үзсэн. Гэтэл нэг өдөр Шинэ Зеландаас захидал ирээд задлаад үзтэл “Congratulations” гэсэн бичиг байж, хөл газар хүрэхгүй баярласандаа. Эхэндээ "Шинэ Зеланд байхдаа яахав" гээд голонгуй маягтай байсан бол сүүлд зөвхөн өөрөө сурах бүү хэл гэр бүлийн гишүүдийг сургаж өгдгөөрөө хамгийн шилдэг тэтгэлэг байсан гэж боддог. Тэнд сурч байхад сургууль маань Азийн банкны санхүүжилттэйгээр Монголын Засгийн газарт хувьчлалыг хэрэгжүүлэх төсөл эхлүүлээд байсан юм. Тэр төсөл дээр ч ажиллаад авсан.
Та сурахын хажуугаар ажиллаж байсан гэж хэллээ. Тэтгэлэгтэйгээр сурахын хажуугаар тэр төсөл дээр ажиллах боломж яаж бүрдсэн бэ?
Сурахын хажуугаар ажил хийхийг дэмждэггүй байсан. Энэ талаар сургуулийнхаа хариуцсан ажилтантай уулзаж тайлбарлахад, “Танай улсад хэрэгтэй төсөл байна, чи хэзээ ч над дээр ийм юм ярьж орж ирээгүй, би хэзээ ч чамайг сонсоогүй гэж тохирьё” гээд бүтсэн хэрэг. Төслийн хүрээнд хувьчлал гэлтгүй их зүйл мэдэж авсан. Боломж гэдэг зүйл хүний амьдралд байнга гарч ирдэг. Залуу байхад сайн ажилладаг байж. Өглөөний 6 цаг хүртэл орчуулга хийгээд нэг цаг унтаад босч, семинар хуралдаа суудаг байлаа. Одоо ч тэр үеийнх шигээ ажиллана гэдэг ойлголт байхгүй болсон. Гэхдээ байнга л “гэрийн даалгавартай” байх юм даа. Хүн сургууль төгссөнөөс хойш насаараа л гэрийн даалгавар хийдэг юм байна гэж боддог.
Та Шинэ Зеландаас хүрч ирээд юу хийнэ гэсэн бодолтой байсан бэ?
Шинэ Зеландаас төгсөж ирээд буцаж цагдаагийн байгууллагадаа ажиллах бодолтой байсан боловч нөхцөл байдал өөрчлөгдсөн байсан. Аав маань намайг ирэхэд бурхан болчихсон, асууж зөвлөлдөх хүнгүй хүнд үе надад байсан.
Америкийн “Говийн санаачилга” нэртэй төсөл дээр орчуулагчаар ажиллах боломж гараад агрономи, мал аж ахуй, газар тариалан гээд хөдөө аж ахуйн орчуулга өдрийн 25 доллараар хийдэг байв. Нэг жил ажилласаны дараа өвөл, зунгүй хөдөө гадаа явах нь гэр бүлдээ зарцуулах цаг бага тул өөр ажил хийж үзье гэсэн бодолтой байсан. Удалгүй Хууль зүйн яаман дээр АНУ-ын санхүүжилттэй Шүүхийн шинэтгэлийн төсөл дээр орчуулагч хийх болсон. Сүүлдээ энэ төсөл дээр дагнаж 2005 он хүртэл ажилласан.
Зургийг түүний Фэйсбүүк хуудаснаас авав. |
“И Эл Си” хуулийн фирмийг байгуулъя гэсэн хүсэл, тэр үеийн тохироо хоёр яаж бүрдсэн бэ? Анх байгуулагдсан үеийн зорилго 18 жилийн дараах одоогийн “И Эл Си”-д хэр биеллээ олсон бэ?
Ийм л байна гэсэн төсөөлөл, зорилгодоо хүрсэн. Юм гэдэг бага багаар ахидаг юм билээ. Энэ бас сонин түүхтэй. “Mercy Corps” буюу “Говийн санаачилга” гэдэг төслийн маань удирдагч Стефен де Ванс гээд хүн байсан. Тэр хүн надад “Чи хуульч хүн, давхар мастер хамгаалсан байж хөдөө аж ахуйн төсөл дээр яваад байх нь зохимжтой юу. Хуулийн фирм байгуулаад ажиллуулаад үзээч” гэж зөвлөсөн. Тэгээд надад итгэл төрж төслөөсөө ирээд 2000 оны наймдугаар сард өмгөөллийн фирмээ байгуулсан байдаг. Эхлээд ганцаараа, дараа нь гурвуулаа, дөрвүүлээ болоод 2007 он гарахад арвуулаа болсон байсан. 2009 онд “Цэнтрал тауэр”-т 100 м.кв өрөө түрээслээд орж байлаа. Анх надад зөвлөж байсан тэр хүний “Чи бага багаар ахиж, урагшилж яв” гэсний дагуу явж байгаа гэж боддог.
Та ЗХУ-ын Санкт Петербург хотод 1980-1985 оны хооронд хуулийн мэргэжил эзэмшиж байсан шүү дээ. Энэ талаар дурдаач.
ЗХУ-д сурч байсан сургууль "хуульч" мэргэжил дээр давхар "улс төрийн ажилтан" мэргэжил олгодог, өөрөөр хэлбэл хос мэргэжил олгодог сургууль байсан. Монголд ирээд улс төрийн орлогч буюу намын ажил хийж байсан. Тэр ажилдаа их сонирхолтой байгаагүй. Залуу хүн намын үзэл суртал сурталчилна гэдэг яаж сонирхолтой байхав.
Таны мэргэжил сонголтод юу их нөлөөлсөн бэ?
Аравдугаар анги төгсөхөөсөө өмнө НАХЯ-ны шугамаар явна гээд 8, 9 дүгээр ангийн хүүхэд бүртгүүлчихсэн байсан. Конкурс өгөөд 16-р байранд жагссан. Эхний хүүхдүүд хэлний анги авч гарч ирээд байсан. Тэр үед хэл гэдэг өөрөө “мода” байлаа. Манай аав Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан, насаараа хуульч хийсэн хүн байсан. Аавтайгаа тухайн үед хуулийн анги авна гээд тохирсон мөртлөө хуваариа авах болсон чинь хэлний анги байж байхаар нь Франц хэл сонгоод гарч ирсэн. Тухайн үед хуваарь сонголт одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургуульд болж байлаа. Хүүхдүүдийн аав ээжүүд нь төрийн ордны хойд сааданд модны сүүдэрт хүлээгээд зогсож байхад миний аав ээлжийн амралтаа авчихсан бусад эцэг эхүүдийн адил тэнд байж байлаа. Миний авсан хуваарийн талаар аав, хүү хоёр ярилцах хэрэг гарсан. Нэг өдөр аав Хөдөөгийн Пэрлээ гуайгаас энэ талаар зөвлөгөө авахаар очиж уулзахад тэр хүн “Хүү чинь хэлний хүн болбол хэзээ ч хуульч болохгүй, хуульч болбол хэдэн ч хэл сурч болно” гэж зөвлөсөн юм билээ. Тэгээд л тэр хуваарийг нь буцааж өгөөд, хуульч болох замд эргэлт буцалтгүй орсон.
Та яагаад орчуулга хийх болсон бэ?
Орчуулагчийг би мэргэжил гэж боддоггүй. Хуульч, эмч, инженер хэн ч гэсэн хэл сураад тэр чиглэлийн орчуулга хийвэл сайн орчуулагч байж болдог. Цагдаагийн Ерөнхий газрын Интерполын хэлтэст 1991 онд томилогдсоноос хойш одоог хүртэл орчуулга тогтмол хийж байна. Орчуулгыг 2005 оноос хойш зогсоогоод хуулийн ажил дээрээ төвлөрсөн. Гэхдээ л үйлчлүүлэгчтэйгээ холбогдох, хууль орчуулах зэргээр харахад хуулийн ажил боловч, орчуулга давхар хийж л байдаг. Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилттэй Уул уурхайн хуулийн төсөлд манай хуулийн фирм шалгарч хамгийн сүүлд энэ ажлын орчуулга дээр ажиллаж байна.
Танай хуулийн фирм хэлний нөөцтэй газар. Гадаад хэлтэй олон хуульчид байдаг. Өнгөрсөн зун болсон Монгол-Солонгосын хамтарсан арбитрын семинарт таныг синхрон орчуулга хийж байхыг харж байлаа. Яагаад өөрөө хийсэн бэ? Залуучуудаараа хийлгэж болоогүй юм уу?
Залуучууд маань жаахан халгаад байх шиг санагддаг. Жаахан итгэл муутай ч юмуу, айдас ч бас байдаг байх. Чингис зочид буудалд болсон Нөхөрлөлийн менежментийн хурлын орчуулгуудыг залуучуудаараа хийлгэсэн. Цагаа тулахад хүн чаддаг л байхгүй юу. Би орчуулгыг бүр 1987 оноос эхлээд хийж байсан юм билээ. Гэрийнхэндээ оросоор кино гарч байхад нь шууд зэрэгцээд орчуулдаг. Манай гэрийнхэн ч үүнд их дуртай. Баяраа кино эхэллээ, суугаарай гээд дуудна. Тэр цаг үеэс л зэрэг орчуулга хийж болох юм байна гэсэн итгэл төрсөн гэж хэлж болно.
Та их залуу сэтгэлгээтэй хүн. Таны дараагийн төлөвлөгөө юу вэ? Магадгүй зарим хүмүүс шиг тэтгэвэрт гарч хойшоо суугаад байхыг хүсэхгүй байгаа биз дээ?
Хүсэхгүй ээ. /Инээв/ Австрид зуун хүнтэй хуулийн фирм томдоо ордог юм билээ. Бид өнөөдөр өөрийн гэсэн байртай болсон нь зардал их хэмнэж байгаа. “И Эл Си”-гийн зорилго зуу, зуугаар тоологдох олон ажилчидтай, том болохдоо биш одоо байгаа ажилтнуудынхаа амьжиргаанд нь хүрэх хангалттай цалинтай байлгахад чиглэж байна. Одоогоор дөрвөн залуу ажилтандаа байр худалдаж авахад нь дэмжлэг үзүүлж, урьдчилгаа болох 30 хувийг өгсөн.
Цаг заваа гарган бидэнд ярилцлага өгсөн Танд баярлалаа. Ажлын улам их амжилт хүсье!
Бэлтгэсэн: Б.Пүрэвсүрэн
Comments