Хуулийн бэрхшээлүүдээс хол байх 10 арга


Та хэзээ ч хуулийн асуудал бэрхшээлээс 100% зайлж чадахгүй. Харин доор дурдсан зөвлөгөөнүүдийг дагаж чадвал тэдгээр бэрхшээлтэй хамгийн бага түвшинд учирна гэж ойлгож болно.

Хуулийн талаарх мэдлэгээ өсгө

Хуулийн ямар ч асуудалтай тулгараад, асуудал нэгэнт буруугаар төгсөж байгаа бол та хичнээн эсэргүүцээд ч бүх зүйл уучлах аргагүй оройтсон байдаг. Тиймээс амьдралд нөлөөлдөг гол хуулиудын зарчмыг ойлго. Ямар ч харилцаанд орохдоо өөрийнхөө эрх болон хариуцлагыг сайн мэдэж ав. Ингэснээр та бүх зүйлд итгэлтэй байх болно. Ном, хууль уншиж байгаагаараа та аль хэдийн өөрийн хуулийн боловсролыг дээшлүүлэх замдаа гарсан гэсэн үг. Та эрх зүйн үнэтэй боловсролыг бага үнээр олж, өөрт хэрэгтэй давуу талыг бий болгож байна. Гэвч аливаа номонд тухайн чиглэлийн бүх мэдээллийг багтаах боломжгүй байдаг. Тиймээс магадгүй танд хэрэгтэй мэдээлэл байхгүй ч байж болох юм. Гэвч мэдээлэл харилцаа өргөнөөр хөгжиж буй өнөөгийн ертөнцөд интернэт байхад та хуулийн веб сайтаар аялан, асуудалтайгаа холбоотой мэдээллийг олж авч болох юм. Хууль өөрөө маш энгийн зүйл. Тодруулбал, хүний нийгэмд амьдрах арга зам юм.

Гэрээ хийхээсээ өмнө бод

Сайн довтолгоо үргэлж шилдэг хамгаалалт болдог. Тиймээс өөрийн хувийн амьдрал болон ажил хэрэгтээ чухал алхам хийх үед хуулийн асуудалтай холбоотой эрсдэлээ тооцоолж, эрсдэлийг хамгийн бага түвшинд хүргэхийн тулд бүхнийг хий. Боломжийнхоо хэрээр зөвлөгөө цуглуул. Өмгөөлөгчтэй уулзах хэрэгтэй гэж бодсон үедээ бусадтай хэрхэн гэрээ, хэлэлцээр хийх, гарах ёстой эрсдэлүүдийг ойлгох тал дээр урьдчилан туслалцаа ав. Жишээ нь: Хэрэв та өөрийн гэсэн бизнес эрхэлж л байгаа бол мөнгө болоод сэтгэлийн өвчнийг эдэлж байдаг. Тиймээс өөрийн амжилт, боломжуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Та өмгөөлөгч, хууль зүйн товчооноос зөвлөгөө авч буй ямар ч тохиолдолд таны ажил хэрэгтэй холбогдох болон бизнестэй хамааралтай гол хуулиудыг мэдэх хэрэгтэй.
Шинээр эхэлсэн бизнес 3 жилийн дотор 60% нь уналтанд орж байна. Хэрэв та эхнээсээ хуулийн зөвлөгөө авч чадсан бол тэр 60%-д багтахгүй байх бүрэн боломжтой. Ядаж л бүрэн сэргэж босохгүй юмаа гэхэд дампуурлын зовлонг үзэхгүй.

Оюун санаагаа сайн зүйлд төвлөрүүл

Таны оюун ухаан хаашаа зална, тэр л зүг рүү таны бүх зүйл чиглэх болно. Зарим хүмүүс үргэлж л зовлон бэрхшээлийг өөртөө татаж байдаг. Тэд хууль эрх зүйтэй холбоотой асуудал бэрхшээлийг үгүй болгох авьяасгүй байдаг бөгөөд бараан үүл дээгүүр нь нүүж, хар муур өмнүүр нь алхах биш гүйж байдаг. Учир нь тэд оюун санаагаа зөв замд зориулж төвлөрүүлдэггүй. Эсвэл бүр маш бага төвлөрүүлдэг. Гэхдээ ийм хүн маш цөөхөн байдаг гэдэгт би итгэлтэй байна. Тэд хүний хамгийн гол давуу тал болсон хурдны тал дээр хязгаарлагдмал байдаг бөгөөд үргэлж л явуулж байгаа үйл ажиллагааныхаа лицензийг хураалгаж, торгуульд өртөх болов уу гэж санаа зовж байдаг. Тэдний гаргасан төлөвлөгөө хэт хуурамч бөгөөд ихэнхдээ гэнэт баяжих тухай төлөвлөгөө байдаг. Энд нь гайхах зүйлгүй. Учир нь мөнгөгүй хүн л гэнэт баяжих гэсэн гэнэн бодол, мөрөөдлөөр дүүрэн байдаг. Тэдний ихэвчлэн гаргадаг алдаа нь:
  • Хуучин машин авах болбол гэрээ байгуулахаасаа өмнө сайн шалгадаггүй бөгөөд зөвхөн өнгөн тал, арьсанд нь дурласан байдаг. 
  • Тэд худалдаж авсан бүтээгдэхүүнээ удаан амьдруулж чаддаггүй бөгөөд аливаа бизнестэй холбоотой харилцаанд барагтай бол баталгаа гаргаж өгдөггүй. Хэрэв үнэхээр шударга наймаа мөн л юм бол, яагаад бичгээр баталгаа өгдөггүй юм бэ гэдэг нь гайхалтай. 
  • Тэд чухал бизнесийг бичгийн гэрээгүйгээр хийчихдэг бөгөөд гоё үг, магтаал хоёрыг сонссон л бол шууд зөвшөөрдөг. 
  • Тэд гэрээ байгуулахдаа зайлшгүй уналтанд орно. Учир нь гэрээний заалт бүрийг бус, зөвхөн гарчиг, гарын үсэг хоёрыг л ихэнхдээ шалгадаг. 
  • Шүүхэд очсон тохиолдолд эрхээ сэргээлгэхээр биш бусдын эрхийг зөрчсөн хэргээр дуудагдах нь элбэг. 
  • Бусдад үл итгэдэг. Зөв болон бүтээлч зүйлд оюун ухаанаа маш бага зарцуулж, бусдын ажил хэрэгч үйлдлийг ч таагүй, муугаар үнэлдэг. Учир нь өөрөө хөдөлмөрлөдөггүй хүн хүний хөдөлмөрийг хэзээ ч үнэлж чаддаггүй юм шүү дээ. 
Дээрх шинжийн аль нь ч илэрсэн бай, хурдан засах нь чухал. Аливаа ажилд цаг хугацааны хурд амжилтын үндэс болдог.

Чухал гэрээ болгоныг бичгээр хий

Хэлснээр бүх зүйл хангалттай болчихдоггүй. Бүх л чухал гэрээ болгоныг бичгээр хий. Тэр дундаа мөнгөтэй холбоотой бол энэ нь бүр ч чухал. Хэрэв та найз нөхөд юм уу, ойр дотны хүнтэйгээ гэрээ байгуулж байгаа бол гар барих нь хангалттай баталгаа биш. Хожим асуудал үүсвэл шийдвэрлэхэд хамгийн сайн зохицуулагч нь гэрээ л байх болно. Бичгээр баталгаажуулсан гэрээ нь давхар хамгаалалт ба гэрээ үргэлжлэх хугацаанд асуудал зөрчилдөөн нэг их гараад байдаггүй. Ингэснээрээ бэрхшээл гарах магадлалыг багасгаж, шүүхийн өрөөнөөс гадуур шийдвэр гаргах механизмыг бүрдүүлдэг.
Гэрээг уншилгүйгээр хэзээ ч бүү гарын үсэг зурж бай. Хэрэв та гэрээнийхээ зүйл заалтыг ойлгохгүй байвал заавал асууж байж гарын үсэг зур. Шаардлагатай гэж үзвэл хянан үзье гэж хэлээд дараа нь өмгөөлөгчөөс асууж болох юм.

Хангалттай даатгуул

Хэрэв та хангалттай даатгалтай бол хуулийн ямар ч асуудлаас салах амархан. Учир нь даатгал таны өмнөөс санхүүгийн хамгаалалтыг гаргаж өгдөг. Ингэснээр та аливаа асуудлаас өөрийгөө шударгаар мулталж чадах болно. Хэрэв та өөрийн гэр, ажил хэрэг, машинаа даатгуулалгүй явж байгаад ямар нэгэн аюултай тулгарвал тэр бүгдийгээ алдах эрсдэлтэй.

Өр зээлээ хамгийн бага хэмжээнд тогтмол барь

Амжилт олохоос хэцүү зүйл бол санхүүгийн уруудсан уналтыг тогтвортой барих явдал юм. Та дампуурлаас холхон явъя гэвэл өөрийн хэрэглээг багасгахын хажуугаар төлбөр төлөхөөс бусад тохиолдолд банкнаас хол байх хэрэгтэй. Энэ нь та ажлаа алдах, бизнесийн хямралд өртөх тохиолдолд бүх төрлийн зээлийг өөрийн чадах хэмжээнд багасгаж, нэмж банкнаас зээл авч болохгүй гэсэн үг юм.
Зайлшгүй шаардлагатай шалтаг гарахаас нааш битгий зээл ав. Магадгүй машины лизинг, СӨХ-ны мөнгө, сургалтын төлбөр гэх мэтчилэн зайлшгүй төлөх ёстой амьдралын шаардагдах зүйлд мөнгөө тохируулан зарцуулж, хэмнэлтээ сайн хийж, бас үргэлжлүүл. Монголчууд зээлийн мөнгө гээсэн мөнгөтэй адил гэдэг юм.

Гэрээнийхээ талаар бусадтай зөвшилц

Өнөөдөр нийгмийн харилцаа болон бизнест хуулийн зохицуулалтыг нь судлалгүйгээр солилцоо хийх нь хамгийн тэнэг алхам юм. Учир нь судалгаагүйгээр хийсэн ихэнх зүйл нь хууран мэхлэгдэх, бүтэлгүйтэх зэрэг сөрөг үр дагаврыг ардаа үүсгэдэг. Олон асуудлыг хууль болон шүүхээр шийдвэрлэдэг ч хэрэв та урьдчилаад өмгөөлөгчтэй зөвлөлдөх цагийг өөртөө бий болгож чадвал олон удаагийн уур бухимдал, сэтгэл гутралаас холуур явж чадах болно. Мөн танд тулгарсан асуудлаар зөвлөгөө өгч чадах найзтайгаа ярилц. Магадгүй танд гайхалтай зүйл тохиолдож, хэдэн өдөр, сарын турш бүрхээд байгаа харанхуйг арилгах ямар нэгэн гэрэл гарахыг үгүйсгэхгүй.

Хуулийн байгууллагын ямар ч албан тушаалтантай бүү маргалд

Хэрэв та хуулийн байгууллагын ямар нэгэн албан тушаалтантай /цагдаа, прокурор, шүүгч/ хэрэлдэж, маргалдвал асуудал улам бүр л төвөгтэй болох хөдлөшгүй үнэнийг ойлгох хэрэгтэй. Харин та тэднийг доромжилж, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байх юм бол эргээд өөрөө хууль зөрчсөн, хуулийн дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцсэн хэргээр буруутгагдаж мэднэ. Эцэст нь таны хэрэлдээд байгаа шүүгч л асуудлыг танд нааштайгаар шийдвэрлэх гол хүн гэдгийг мартаж болохгүй. Хэрэв таныг цагдаа хууль ёсны үндэслэлээр баривчилж байхад нь эсэргүүцвэл өөртөө таагүй зүйлсийг л дуудах болно.
Мэдээж тэдний тавьсан шаардлага хууль ёсны дагуу байх ёстой. Тиймээс ч та өөрийн эрхийг хамгаалах үүднээс ямар үндэслэлээр баривчлагдаж байгаагаа асууж лавлах эрхтэй. Лавлах, маргалдах хоёрын ялгааг битгий мартаарай.

Татварынхантай таагүй байдлаар бүү уулз

Хэрэв та татвар төлөх ёстой бол төлөх л ёстой. Түүнээс зугтах тусам төлж чадахаа больдог. Учир нь татварын хуримтлалыг торгуультайгаа нийлүүлээд санхүүгийн хүнд байдалд орсон байгууллагууд дэндүү олон байдаг. Харин та тэдний тогтоож байгаа татварыг эсэргүүцэж байгаа бол энэ талаар Татварын ерөнхий газарт хандаж болно. Мэдээж дээд удирдлагын гаргасан тайлбар нь танд шударга бус санагдаж байвал цаашид өмгөөлөгчид хандан, эрхээ хамгаалж болох юм.

Сээтэгнэл, бүдүүлэг зан хоёрыг ажилтайгаа битгий холь

Өдрөөс өдөрт хүмүүс эрхээ мэддэг болоод зогсохгүй, түүнийгээ хэрэгжүүлэхээр тэмцдэг болж байна. Та ажил дээрээ хичнээн их эрх хэмжээтэй байлаа ч, сээтэгнэх, тэр дундаа секстэй холбоотой ямар нэгэн зүйлээр хэн нэгнийг эвгүй дарамтанд оруулах, бусад ажилтнуудаа доромжлох, хараах, цохих зэрэг зан авирыг бүү гарга
Хэрэв таны эдгээр зохисгүй үйлдлүүд нотлогдвол та шүүх болон өөрийн дээд албан тушаалтныхаа өрөөнд таагүй байдлаар дуудагдаж болох юм.

Хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүл

Та хүүхэдтэйгээ уулзаж, түүнд өгөх ёстой мөнгөө төлөх нь зөвхөн таны хувийн асуудал биш. Харин эрт, орой хэзээ нэгэн цагт гарцаагүй биелүүлэх ёстой хуулийн шаардлага юм. Манай орны хуулиар эцэг эх хүүхдийнхээ өмнө хүлээх үүргийг зохицуулсан байдаг. Тэд хүүхдээ өсч торнихтой нь холбоотой амьдралын бүхий л нөхцлийг нь бүрдүүлэх шаардлагатай.

Хэрэв та өөрийн хүүхдээ орхигдуулбал шүүх танаас тэр зардлыг гаргуулах болно. Харин ч дээр нь нэмээд та шүүхэд дуудагдах нь цаг зав, нэмэлт торгууль, зардал гээд олон зүйлээр хохирч болох юм. Хүүхдийнхээ өсч торних таатай нөхцлийг хангах үүднээс хүүхдээсээ мөнгө гар татах хэрэггүй.

Хувийн харилцаа, бизнес хоёрыг бүү холь

Олон хүний бизнесийн туршлага, өмгөөлөгчдийн зөвлөгөөг ажиглаж байхад 2 янзын хамтрагч байдаг. Гэхдээ шууд дүгнэхэд, ямар ч тохиолдол, ямар ч нөхцөлд хамтрагчтай болж байгаа бол хууль ёсны бүх эрсдэлийг тооцож, бодох хэрэгтэй. Ажиллах зарчмаа тохиролцсон бизнест эрсдэл харьцангуй бага тохиолддог. Бүх л хамтрагчдад тухайн бизнест эзлэх хувь, олж буй мөнгөний хэмжээ гэж байдаг. Тиймээс энэ харилцаанд орсон бол хэзээ нэгэн цагт үл ойлголцол гарч, түүнийг зохицуулах шаардлага гардаг. Хэрэв та маш их мөнгөний, сайн гэрээ хийвэл тэр хэмжээгээрээ л хувь хүртэхийг хүснэ. Жишээ нь, таны хамтрагч хангалттай сайн ажиллахгүй, эсвэл өөр ажлыг хийгээд байх хэцүү. Та мэдээж түүний мэргэжлийн ур чадвар, үнэнч байдал, хууль мөрдөж ажиллаж байгаа байдал зэрэг олон зүйлийг нь харна. Хэрэв та эдгээр бэрхшээлээс холуур явахыг хүсвэл урьдчилаад бүх зарчмыг зохицуулах хэлэлцээр хий.
Нэг хамтрагчийн хүлээж байгаа үүрэг нь бусад хамтрагчдад бүгдэд нь хамаатай ойлголт. Учир нь таны хүсэл, мэдлэгээс гадуур хамтрагчийн чинь авчирсан санхүүгийн бэрхшээл нь бүх нийтийн бэрхшээл болдог. Хуулийн нүдээр тэр мөн таны л өр.

Өөрийн эд хөрөнгийн төлөвлөгөөг сайн гарга

Та амьдралаа эд хөрөнгийн төлөвлөгөө гаргахгүйгээр туулбал түүнийг дагасан сөрөг үр дагавар гарч ирдэг. Хэрэв та хөрөнгийнхөө талаар ямар нэгэн шийдвэргүй, гэрээслэлгүй нас барвал санхүүгийн толгой өвтгөсөн зөрчил хожим гарахгүй байх магадлал туйлын бага. Хайртай хүмүүстээ үлдээх нэгэн бэлэг бол хууль ёсны эд хөрөнгийн төлөвлөгөө байдаг юм.

Та эд хөрөнгөтэй холбоотой төлөвлөгөө гэрээслэлдээ эхнэр, нөхөр, салсан хос, гэрлээгүй хамтран амьдрагч, хууль ёсны бүртгэлтэй, бүртгэлгүй хүүхэд гээд өөрийн хөрөнгөө очих ёстой гэж бодсон хэнийг ч хамруулж болно.

Тайлбар: Дээрх мэдээллийг бэлтгэхдээ Б.Ган-Очир зохиогчтой “Амьд Хууль” (2014) номноос бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, нийтийн сайн сайхан, эрх зүйн боловсролын төлөө, ашгийн бус зорилгоор хэсэгчлэн авч, ашигласан болно.

Comments