Хуулийн оюутнуудын мэдэх ёстой 15 латин нэр томьёо


Хуулийн сургуульд та эрх зүйн онолд суралцан, түүнийгээ сократын аргаар хэлэлцэж, мөн лекцийн тэмдэглэл үйлдэн, хууль зүйн бичих ур чадварт суралцахын дээр зарим өвөрмөц нэр томьёог мэдэх хэрэгтэй болдог. Хуулийн хэллэгийг өөриймшүүлэх нь танаас тодорхой хэмжээний хичээл зүтгэл шаардах ч сургалтын хөтөлбөрт багтаагүй гэдэг үндэслэлээр түүнийг хайхралгүй, орхигдуулж болохгүй. Хэргийн товчлол, онолын ном унших үед дунд нь зарим латин нэр томьёо бичигдсэн байх нь бий. Гэхдээ утгыг нь ойлгочихсон тохиолдолд тэдгээр нь хүнд хэцүү зүйл ердөө биш. Танд мэдээлэл болгох үүднээс, хамгийн өргөн хэрэглэгддэг 15 латин нэр томьёог тайлбарын хамт хүргэж байна.

AD LITEM – ЗАРГАД ЗОРИУЛЖ (For the suit)
Шүүхээс насанд хүрээгүй эсвэл эрх зүйн чадамжгүй хэргийн оролцогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс өмгөөлөгчийг ad litem, хууль ёсны төлөөлөгчийг ad litem томилдог. Өөрөөр хэлбэл, шүүн таслах ажиллагаанд бусдын нэрийн өмнөөс оролцох үүрэг бүхий этгээд.

AMICUS CURIAE – ШҮҮХИЙН НӨХӨР (Friend of the court)
Хэргийн оролцогч бус, сонирхогч этгээдээс тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч болно. Энэхүү нотлох баримтыг amicus curiae гэх бөгөөд нотолгооны албан ёсны хэрэгсэлд тооцогддоггүй.

CERTIORARI – БҮРЭН МЭДЭЭЛЭЛ АВАХЫН ТУЛД (To be more fully informed)
Certiorari, зарим тохиолдолд cert хэмээн товчилдог. Дээд шатны шүүхээс доод шатны шүүхийн хяналтанд байгаа хэргийг татан авч, хянах үйлдэл.

DE NOVO – ШИНЭЭР (A new)
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогддог нэр томьёо. Жишээ нь, давж заалдах шатны шүүхээс хэргийг de novo хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох.

EX PARTE – НЭГ ТАЛЫН (From the part)
Шүүхээс хэргийн оролцогч нэг талын хүсэлтээр нөгөө талын оролцоогүйгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэргийг хянан шийдвэрлэх үйл явцыг илэрхийлдэг.

HABEAS CORPUS – БУСДЫГ ХОРЬЖ БАЙГАА ХҮН (That you have the body)
Хууль сахиулах байгууллагын шийдвэрээр хүнийг хууль бусаар албадан саатуулсан, баривчилсан эсэхийг шүүхээр хянуулах тухай.

IN CAMERA – ТАНХИМ ДОТОР (In a chamber)
Хэргийн оролцогч талууд эсвэл аль нэг тал нь шүүгчийн өрөө/танхимд тухайн хэргийн талаар хэлэлцэх, эвлэрэх.

IN FORMA PAUPERIS – ЯДУУ ХҮНИЙ ХҮСЭЛТЭЭР (In the manner of a pauper)
Зарим тохиолдолд шүүхээс төлбөрийн чадваргүй зохигчийн гаргасан in forma pauperis хүсэлтээр түүнийг шүүхийн зардлаас чөлөөлдөг.

IN RE – ХЭРГИЙН ТУХАЙ (In the matter of)
Хавтаст хэргийг нэрлэхэд хэрэглэгддэг. Жишээ нь, Дорж нэхэмжлэгчтэй in re худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай.

MANDAMUS – БИД ЗАХИРНА (We command)
Дээд шатны шүүхээс доод шатны шүүхийн шүүгч, төрийн албан хаагчид тодорхой үүрэг биелүүлэх, үйлдэл хийхийг даалгасан шүүхийн шийдвэр, захирамж, даалгавар.

PER CURIAM – ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР (By the court as a whole)
Шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч нэг бүр санал нэгдэж гаргасан шийдвэр.

PRO BONO – НИЙТИЙН ТУСЫН ТУЛД (For the public good)
Нийтийн эрх ашгийн төлөө үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж буй өмгөөлөгчийн ажлыг pro bono гэдэг.

PRO SE – ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ, ӨМГӨӨЛӨГЧГҮЙГЭЭР (For oneself)
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүйгээр, өөрийгөө төлөөлөн, бие даан оролцож буй зохигч талыг pro se гэнэ.

SUA SPONTE – ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР (Voluntarily)
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч талуудын хүсэлт, шаардлагыг хүлээлгүйгээр, өөрийн санаачилгаар хийх үйлдэл.

QUASI – ЮМ ШИГ (As if)
Ямар ч нөхцөлд нэг зүйлийг нөгөөтэй нь адилтгах үед хэрэглэдэг. Жишээ нь, “Шүүгчийн үйлдэл хуульд заасан эрхийн дагуу байгаагүй ч, quasi хууль ёсны байсан”.

Эх сурвалж: Law School Toolbox

Мэдээлэл танд таалагдсан бол Facebook.com/Lawstudentmn хаягаар орж Like дараарай, мөн Review өгөөрэй! Уншигчдын санал, хүсэлтийг urgeljiin@gmail.com имэйл хаягаар хүлээн авна. Танд баярлалаа!

Comments