Амжилттай хуулийн оюутны 5 шинж


Бүхий л төрлийн нийгмийн гарал байдал, ур чадвартай оюутнууд хуулийн сургуульд элсэн орж, суралцаад, сайн хуульч болох боломжтой боловч амжилттай буюу шилдэгт тооцогдох оюутнууд дараах хэд хэдэн шинж чанараар хоорондоо ижилсэж байдаг байна.

Хуулийн оюутан та, өөртөө доор дурдсан шинж чанарууд байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Байгаад, таныг бүрэн тодорхойлж байвал сайн байна. Хуулийн сургуульд байхдаа, бүр ажил дээр гараад ч гэсэн тэдгээрийг улам илүү хөгжүүлэх хэрэгтэй. Бас магадгүй танд зарим чанар нь дутагдаж байж болох юм. Гэвч санаа зовох хэрэггүй ээ. Энэ нь та багахан хэмжээний хичээл зүтгэл өөрөөсөө гаргах хэрэгтэй гэсэн үг юм шүү.

АМЖИЛТТАЙ ОЮУТНУУД ШИНЭ ЗҮЙЛД СУРАЛЦАХДАА ТААТАЙ ХАНДДАГ

Аливаа шинэ зүйлд суралцах нь эхэндээ хэцүү бөгөөд тухайн хүнээс цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг. Жишээ нь, хуулийн сургуульд эхлэн суралцаж буй нөхдөд эрх зүйн онол, зарчим бүхий олон төрлийн ном, материал уншиж судлах, лекцийн тэмдэглэл үйлдэх, сократын аргаар хичээл заалгах нь төвөгтэй санагддаг. Гэвч нөгөө талаас, энэ нь таныг шалгаж буй сорилт юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, таныг өөрийнхөө таатай бүсээс гарч, асуудлыг өөр өнцгөөс харах нөхцөл байдалд оруулж буй боломж юм. Хэрвээ практик дээрх хуульчдыг анзаарвал, тэд үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхийн тулд шинэ төрлийн харилцаа, сэдвийг цаг үргэлж судалж, энэ хүрээнд эрэл хайгуул хийж байдаг. Тэгэхээр шинэ зүйлд суралцахдаа таатай хандах чанар нь амжилттай хуулийн оюутан, цаашлаад амжилттай хуульч болохын салшгүй нэгэн хэсэг ажээ.

АМЖИЛТТАЙ ОЮУТНУУД ЗОРИЛГОТОЙ БАЙДАГ

Зорилготой байна гэдэг нь хүн хийж буй зүйлдээ дуртай байхаас гадна түүний төлөө бүхнээ зориулж чадах сэтгэлийн тэнхээтэй байхын илэрхийлэл. Ажиллахад таатай, сонирхолтой, сэтгэл татам, баталгаатай ирээдүйг бүтээхийн тулд та магадгүй хэсэг хугацаанд залхуутай, уйтгартай, ядаргаатай гэмээр санагдах ажлуудыг гүйцэтгэж болох юм. Гэвч амжилттай оюутнууд эдгээрийг гүйцэтгэхдээ хэзээд бэлэн байдаг. Учир нь тэд цөхрөлтгүй оролдлого амжилтанд хүргэдэг болохыг мэддэг юм.

АМЖИЛТТАЙ ОЮУТНУУД АЧААЛАЛ ДААХ ЧАДВАРТАЙ БАЙДАГ

Хуулийн сургуульд, ялангуяа улирлын эцсийн шалгалтын үеэр оюутнууд ачаалалтай байдаг. Учир нь хоёр 7 хоногийн хугацаанд явагдах хэд хэдэн хичээлийн шалгалтад бэлтгэхийн тулд тэд үзсэн хичээл тус бүрийнхээ агуулгыг дахин сэргээж унших, боловсруулах, тогтоох шаардлагатай тулгардаг. Мөн улирлын дүнд явцын дүн давхар нөлөөлдөг тул энэ нь оюутнуудыг бүр илүү стресстүүлдэг. Амжилттай оюутнууд сэтгэл санаагаа аль болох тогтвортой байлгаж, шалгалтанд бэлтгэх үндсэн зорилгоо умартдаггүй. Стрессийг даван туулж, дарамт, шахалтан дунд суралцах өөрт тохирсон арга барилыг олох нь хуулийн сургуулийг амжилттай төгсөх, цаашлаад ирээдүйн карьерт тань эерэгээр нөлөөлөх учиртай.

АМЖИЛТТАЙ ОЮУТНУУД ХӨДӨЛМӨРЧ БАЙДАГ

Муу дүн авах, ажлын ярилцлаганд тэнцэхгүй байх гэх мэт урам хугарах үе бидэнд хааяа тохиодог. Гэвч амжилттай оюутнуудын онцлог нь тэд энэ бүхэнд шантарч, бууж өгдөггүй. Нэг бүтэлгүйтсэн бол түүнийг дахин эхнээс нь оролдохоос буцдаггүй. Харин ч юун дээр алдсан болохоо тодорхойлж, засах арга замыг эрэлхийлж, ажиллах гэдэг. Хүмүүс практик дээр гараад, ажиллах үедээ ч алдаа гаргадаг. Тэгэхээр өөртөө итгэх итгэл болон хөдөлмөрч зан чанар таныг урт хугацааны зорилгодоо хүрэхэд туслах болно.

АМЖИЛТТАЙ ОЮУТНУУД БҮТЭЭЛЧ БАЙДАГ

Хэргийн материал унших, албан бичиг үйлдэх зэрэг хязгаарлагдмал үндсэн үүрэг бүхий мэргэжилд бүтээлч хандлага үнэ цэнтэй байх уу хэмээн та бодож байж магадгүй. Гэвч энэхүү чанарыг эзэмшсэн оюутан ажлын байрны зах зээлд давуу талтай байдаг. Амжилттай оюутнууд аливаа асуудлыг шийдвэрлэх шинэлэг санаа, шийдлийг эрж хайх хангалттай хэмжээний сониуч зантай байдаг. Иймээс та ч гэсэн ийм чанарыг өөрөөсөө шаардаж, эрэлхийлэх нь зүйтэй. Яагаад гэвэл ирээдүйд та үйлчлүүлэгчид тулгарсан асуудлыг шийдвэрлэхдээ олон шинэ харилцаа, сэдэв судалж, эрэл хайгуул хийх шаардлагатай болно, тэр үед бүтээлч чанар таны ажилд тус нэмэр болох нь гарцаагүй юм.

Хуулийн оюутны хувьд та өөрийн гэсэн онцгой ур чадварыг хөгжүүлж, туршлагыг хуримтлуулах нь зүйн хэрэг ч, дээр дурдсан 5 шинж чанарын аль нэгийг нэмэлтээр эзэмших хэрэгтэй. Эзэмшсэн тохиолдолд хуулийн сургуульд амжилттай оюутан байгаад зогсохгүй, ирээдүйд сайн хуульч болоход тань тустай хэмээн ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: Jennifer Warren, LST
Зургийг mohamed_hassan, Pixabay

Comments