Фэйсбүүк болон ухаалаг гар утас хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсноор олон тооны эцэг, эхчүүд хүүхдийнхээ зураг, бусад мэдээллийг интернэтэд хялбар аргаар оруулах боломжтой болсон. Гэвч Ассошиэтэд Пресс агентлагийн мэдээллээс үзвэл, энэ тоо сүүлийн үед буурч байгаа аж.
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ зургийг Фэйсбүүкт оруулахаас татгалзах болсон шалтгаан нь юу байв? Үүнд дараах 5 шалтгааныг нэрлэж байна.
Садар самууныг сурталчилсан материалд тооцогдож, бусдад ашиглагдаж болно. Хүүхдийн тань зураг танд өхөөрдөм, хөөрхөн харагдаж байж болох ч бусдад ямар байдлаар харагдаж, ашиглагдах боломжтой талаар бодож үзэх хэрэгтэй. Гашуун үнэн юу вэ гэвэл, бага насны хүүхэд төдийгүй нялх хүүхдийн зургаас бэлгийн таашаал авч, дур хүслээ хангадаг хүмүүс бий. Мөн зарим тохиолдолд, хүүхдийнхээ зургийг оруулснаар та өөрөө хүүхэд оролцуулж, садар самууныг сурталчилсан материал бэлтгэсэн хэрэгт холбогдож болно. Жишээ нь ийм тохиолдол саяхан АНУ-ын Юта мужид гарчээ. Нүцгэн, нялх үрээ энхрийлэн үнсэж буй аавын зураг тус гэр бүлийн зурагнуудыг угааж байсан фото студийн ажилтанд ер бусын харагдсан учраас энэ тухай цагдаад мэдэгдсэн байна. Хэрэг хэрэгсэхгүй болсон ч гэлээ бусдад ямар л олигтой сэтгэгдэл үлдээх билээ.
Ашгийн төлөө зорилгоор бусдад ашиглагдаж болно. Цахим ертөнц хязгааргүй уудам тул таны хүүхдийн зургийг хэн нэгэн татаж аваад, хаа нэг газар, ашгийн төлөө, сурталчилгааны зорилгоор ашиглаж байж болно. Энэ тохиолдолд бид мэдэх аргагүй. Магадгүй ямар нэгэн веб сайт эсвэл блог дээрх сайн, муу элдэв бичвэрийн дунд хүүхдийн тань зураг, таны зөвшөөрөлгүйгээр хавчуулагдсан байж болно.
Интернэт хэзээ ч мартдаггүй. Хэрэглэгч Фэйсбүүкт оруулсан хуучин пост, зураг, видео зэргийг хүссэн үедээ устгах эрхтэй байдаг ч магадгүй хэтэрхий оройтсон байх вий. Учир нь хэн нэгэн тэдгээрийг аль хэдийн өөртөө хадгалаад авчихсан эсвэл хаа нэгтээ дахин нийтэлсэн байж болно. Үүнийг бид бас л тэр бүр мэдэх аргагүй.
Хүүхдийн тань зураг мэмэ болох боломжтой. Ямар нэгэн зураг мэмэ болоход түүний онцгой дүр төрх, өгүүлэмж чухал нөлөөтэй байдаг. Таны хүүхэд сошиал ертөнцөд олны танил болохыг үгүйсгэхгүй. Энэ нь танд таатай санагдаж байж болох ч хожим хүүхдэд тань хэцүү эсвэл ичмээр санагдаж болох юм.
Олон хүний хараанд өртөнө. Гэр бүл, хувийн амьдрал тань ажил төрөл болон бусад таних, танихгүй хүмүүсээс холуур, тусдаа байх ёстой. Хэрэв та дээр дурдсан 4 шалтгаанаар хүүхдийнхээ зургийг бусдад зүй бусаар ашиглуулахыг хүсэхгүй байвал хүүхдийн бага байх үеийн зургийг интернэтэд оруулахгүй байх нь зүйтэй.
Эх сурвалж: Findlaw
Зургийг Pixabay.com
Comments