Хүүхдээ насанд хүрсэн хойно нь гэрээсээ хөөж болох уу?


Гадаадад эцэг, эхчүүд хүүхдээ 18 нас хүрэх үед ачаа, савыг нь бэлтгэж өгөөд, гэрээсээ явуулдаг тухай дам яриаг та өмнө нь сонсож байсан байх.

За яахав, хаана ч юм, ямартай ч гадаадад тэгдэг юм байж. Тэгвэл энэ нь Монгол улсад боломжтой юу? Магадгүй эцэг, эхчүүд хууль зөрчсөн болж таараад, дараа нь хариуцлагад татагдах ч юм билүү.

Жишээ нь, Зөрчлийн тухай хуулинд, “Хүүхдийг хувцас, хүнс, орон байраар зориуд гачигдуулсан бол торгох шийтгэл онооно”, Эрүүгийн хуулинд, “Эцэг, эхчүүд хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлс хийж, хүүхдийг хаясан, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж, тэнүүчлэхэд хүргэсэн” бол хорих ялаар шийтгэхээр заасан байна.

Олон улсын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулинд “18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрхийг хамгаалах тухай дүрэм, журам, хөтөлбөрүүд 18 нас хүрээгүй хүмүүсийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрийг хангахад чиглэсэн байдаг хэмээн ойлгож болох нь.

Монгол улс дахь гэр бүлийн харилцааг зохицуулсан Гэр бүлийн тухай хуулинд хүртэл “Эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэсэн байна. Тэгэхээр, 18 насанд хүрсэн хүүхдээ гэрээсээ явуулах нь хууль зүйн талаасаа элдэв асуудал дагуулахааргүй байж болохоор харагдаж байна, яахав, жаахан эвгүй л юм.

Хэрэв та болон таны гэр бүлийн хүн хүүхдийнхээ сайн сайхны төлөө, бие даасан амьдралд сургахын төлөө нэрийдлээр энэхүү хүнд хэцүү шийдвэрийг гаргахаар бэлтгэж байгаа бол хүүхдэдээ энэ талаар заавал урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. Гэнэтийн шийдвэр хүүхдийг тань сэтгэл санааны цочролд оруулаад зогсохгүй, гэр бүлийн харилцаанд ан цав үүсгэх аюултай. Үүнтэй холбоотойгоор дараах маргаан гарч болохыг үгүйсгэхгүй.

Монгол улсад иргэд хоорондын эд хөрөнгөтэй холбоотой харилцааг Иргэний тухай хуулиар зохицуулдаг. Тус хуульд “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө” гэсэн ойлголт бий. Товчхондоо, гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч болдог учиртай. Гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд жишээ нь гэрээсээ хөөгдсөн хүүхэд тань гомдохдоо, амьдарч байсан орон сууц, түүний өөрт ногдох хэсгийг авах талаар нэхэмжлэл эцэг, эхийнхээ эсрэг гаргаж, шүүхэд эд хөрөнгөтэй холбоотой элдэв маргаан үүсгэх боломжтой.

Хэрэв та насанд хүрсэн хүүхдээ гэрээсээ явуулах гэж байгаа бол мэргэжлийн хуульч, өмгөөлөгчтэй уулзаж, үүнээс гарах үр дагаврыг сайтар тооцоолохыг зөвлөж байна.

Энэхүү мэдээлэл нь мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс өгч буй хууль зүйн зөвлөгөө биш бөгөөд үүнийг дагаснаас гарах үр дагавар болон хохирлыг The LawyerLike блог хариуцахгүй.

Comments