Арга хэмжээний үеэр хуульч нартай юу ярилцах вэ?


Хэрэв та хуулийн сургуулийн шинэхэн төгсөгч эсвэл залуу эрх зүйч бол ажилд орох, амжилттай яваа хуульч, өмгөөлөгч нартай танилцах, networking үүсгэх, тэднээс туршлага судлах үүднээс Хуульчдын холбоо болон бусад байгууллагаас нийтэд зарласан аливаа арга хэмжээнд идэвхитэй оролцдог байх хэрэгтэй.

Гэвч энэ тохиолдолд дараах нэгэн асуулт урган гарч ирнэ. ТЭДЭНТЭЙ БИ ЮУ ЯРИЛЦАХ ВЭ?

Ярилцах сэдэв тань тухайн арга хэмжээний зорилго, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалах ч, дараах хэдэн санааг төлөвлөгөөнд тань нэмэрлэмээр байна.

ТАНД ELEVATOR PITCH БАЙХ ХЭРЭГТЭЙ

Pitch гэхийг манайхан “найраа” хэмээн нэрлэсэн байсан. Elevator Pitch гэхээр нэг давхраас нөгөө давхар хүртэл цахилгаан шатаар явах богино хугацаанд бусдад өөрийнхөө хүсэл зорилгыг товч бөгөөд тодорхой илэрхийлэх танилцуулгыг хэлнэ.

Тэгэхээр арга хэмжээний үеэр хэн нэгэнтэй биечлэн уулзах тохиолдолд та өөрийн бэлтгэсэн найраагаар яриаг эхлүүлэх боломжтой. Жишээ нь:
“Би бол Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүйн ангийн төгсөгч. Миний бие цаашдаа Эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэших сонирхолтой. Надтай энэ талаар ярилцаж болох хэн нэгнийг та мэдэхгүй биз? Эрүүгийн эрх зүйн салбарт орж, ажиллах нь ямар байдаг тухай тэднээс сонсохсон.”
Найраа тань таны хэн болохыг тодорхойлсон байхын дээр, хамгийн гол зүйл болох “таны юу хүсч байгааг илэрхийлсэн” байх ёстой. Хэрэв та “Би Эрүүгийн эрх зүйд сонирхолтой” гээд зогсчих юм бол ярилцаж буй этгээд тань танд туслах эсвэл туслаж чадах өөр хэн нэгнийг санал болгох нь юу л бол. Хэрэв танд тусламж хэрэгтэй л байгаа бол бусдын туслалцааг гуй. Үүнд ичих, санаа зовох зүйл байхгүй. Хүмүүс ихэнх тохиолдолд бие биедээ туслах сонирхолтой байдаг юм шүү дээ.

ХЭН НЭГЭНТЭЙ ЗОРЬЖ УУЛЗАХААР ТӨЛӨВЛӨСӨН БОЛ АСУУЛТУУДАА БЭЛТГЭ

Ямар учраас та тэр хүнийг бусдаас илүү онцлох болов? Магадгүй үлгэр дууриалал авдаг учраас ганцаарчилсан зөвлөгөө авах, сонирхсон асуултандаа хариулт авахыг хүссэн байж болох юм. Тэгэхээр тэдгээр асуултуудаа та урьдчилан бэлтгэсэн байх хэрэгтэй. Жишээ нь:
  • Ажлын гарааны түүх,
  • Асуудал, бэрхшээлийг даван туулдаг арга барилынх нь талаар,
  • Эсвэл түүнээр дамжуулан бусадтай холбогдохыг хүсч болох юм.
Юу ярилцах талаар сайтар бэлтгэсэн байдал тань ярилцлагын эцэст танд ч, нөгөө хүнд ч сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлэх юм.

БУСАДТАЙ ЯРИЛЦАХДАА “АЮУЛГҮЙ” СЭДЭВ СОНГООРОЙ

Арга хэмжээний үеэр та бусдаас зөвхөн асуулт асуугаад байж болохгүй. Асуултаас гадна хэнтэй ч ярилцаж болох “кармааны” хэдэн сэдэвтэй байх хэрэгтэй. Жишээ нь шашин, улс төрийн сэдэв манай тохиолдолд зохимжгүй байна.

Миний хувьд жишээ нь, “Аялал” хамгийн аюулгүй бөгөөд үр дүнтэй сэдэв шиг санагддаг. “Өнгөрсөн зун та хаагуур аялсан бэ?” энэхүү асуултаар эхлүүлсэн харилцан яриа дажгүй сайн өрнөдөг. Хэрэв та Хуульчийн шалгалтанд орох гэж байгаа бол шалгалтанд бэлтгэсэн арга, туршлагынх нь талаар ярилцах боломжтой.

Эцсийн бүлэгт, та хуульч нараас асуулт л асуугаад байх хэрэгтэй. Учир нь тэд өөрсдийнхөө талаар ярих дуртай байдаг. Өөрөөр хэлбэл, зөв асуулт та хоёрын дунд сонирхолтой яриа өрнүүлээд зогсохгүй, нөгөө хүнд та өөрийнхөө тухай таатай сэтгэгдэл үлдээх болно.

Эх сурвалж: Law School Toolbox

Comments