Овог нэр: Баасандоржийн Мэргэн
Төгссөн сургууль: МУИС Хууль зүйн сургуулийг 2009 онд “Эрх зүйч” мэргэжлээр;
Албан тушаал: Өмгөөллийн “Веритас Партнерс” ХХН-ийн гүйцэтгэх захирал;
Хуульчаар ажилласан жил: 6 жил
Мэргэшлийн салбар: Захиргааны эрх зүй
Хобби: Сагсан бөмбөг, Хөл бөмбөг
Төгссөн сургууль: МУИС Хууль зүйн сургуулийг 2009 онд “Эрх зүйч” мэргэжлээр;
Албан тушаал: Өмгөөллийн “Веритас Партнерс” ХХН-ийн гүйцэтгэх захирал;
Хуульчаар ажилласан жил: 6 жил
Мэргэшлийн салбар: Захиргааны эрх зүй
Хобби: Сагсан бөмбөг, Хөл бөмбөг
ТА ЯМАР ШАЛТГААНААР ХУУЛЬЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОСОН БЭ?
Миний хувьд багаасаа яг хуульч, өмгөөлөгч болно гэсэн төсөөлөл, мөрөөдөлтэй байсангүй. Дунд сургуулийн төгсөх ангид байх үедээ шахуу хуульч болох тухай шийдвэр гаргасан гэж ойлгож болно. Ийнхүү шийдвэр гаргахад хэд хэдэн зүйл нөлөөлсөн байдаг. Юу вэ гэхээр, би 5, 6-р ангид байх үеэс эхлээд л улсын хэмжээнд зохион байгуулагддаг байсан илтгэл, мэтгэлцээний элдэв тэмцээнүүдэд хувиараа болон багаараа оролцдог байсан. Жишээ нь, 8-р ангид байх үед, Соросын сангаас ивээн тэтгэдэг байсан Карл Попперийн мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд Улаанбаатар хотоос манай баг хамт олон шалгарч, бусад 21 аймгийн төлөөлөлтэй аваргын төлөө өрсөлдөж байлаа. Мөн намайг 10-р ангид байх үед Билиг дээд сургуулиас "Эрх зүйн улсын анхдугаар олимпиад" арга хэмжээг анх удаа зохион байгуулсан ба тэрхүү уралдаанд тэргүүн байр эзлээд, тус сургуулийн Эрх зүйн ангид 4 жил үнэ төлбөргүй суралцах эрх авсан нь намайг хуулиар сурах уу эсвэл олон улсын харилцааны чиглэлээр сурах уу гэдэг асуултыг өөрөөсөө асуухад хүргэсэн. Тухайн үед бид ерөнхий шалгалтыг нэг удаа өгөөд, дараа нь сургуулиа сонгодоггүй байлаа. Би МУИС-ийн Хууль зүйн сургууль, Олон улсын харилцааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангид элсэхээр шалгалт өгөхөд аль алинаас нь тэнцсэн хариу авсан ба эцсийн шийдвэр гаргах хэрэгтэй болоход, би МУИС-ийн Хууль зүйн сургуулийг сонгосон юм.
ХУУЛЬЧААР АЖИЛЛАЖ ЭХЛЭХ ХУГАЦААНД ЯМАР СОРИЛТУУД ТУЛГАРЧ БАЙВ?
Би 2009 онд хуулийн сургуулиа төгсөөд, 3 жилийн хугацаанд хувийн аж ахуй эрхэлсэн байдаг. Харин 2012 оноос Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд ахлах референт, хуулийн зөвлөхөөр орж, ажиллаж эхэлсэн. Энэхүү ажлын нэг онцлог нь төрийн нууц мэдээлэлтэй харилцдаг, хэрэв мэдээлэл алдсан тохиолдолд хувь хүн өөрөө хариуцлага хүлээдэг тул миний орсон ажлын байранд өмнө байсан хүн маань гарахдаа ямар нэгэн бичиг баримтын эсвэл албан тоотын загвар, компьютерийн файл юу ч үлдээлгүй явсан байсан нь надад тулгарсан эхний сорилт байв.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны чиг үүрэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, зохицуулах байдаг. Энэ утгаараа тэдгээр байгууллагууд болон удирдлагатай нь харилцах, мэдээлэл авах ажил их хийдэг байсан. Ажлын шаардлагаар янз бүрийн л хүмүүстэй харилцана, төрийн сайд, дарга нар, төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын том том цолтой хурандаа, генерал гээд л. Тухайн үеийн 24, 25-тай залуу энэ олон хүмүүсийн итгэлийг олоод, хүлээн зөвшөөрөгдөөд ажиллана гэдэг нь эхэндээ бэрх санагддаг байлаа. Дээрээс нь хуулийн салбар бусад бүхий л салбаруудтай холбогддог учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад чиг үүрэг хариуцсан хүмүүс үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулахын тулд алхам тутамдаа хууль зүйн зөвлөгөө авах шаардлагатай тулгардаг. Хуулийн зөвлөхийн хувьд тухай бүрд нь зөвлөгөө өгнө, хууль зүйн дүгнэлт гаргадаг байсан. Энэ нь эхэн үедээ надад хэцүү сорилт байсан нь ойлгомжтой. Ингээд цаг хугацааны эрхээр хүн чинь хийж байгаа ажилдаа дасаад, дадаад ирдэг юм билээ. Миний хувьд өмгөөллийн салбарт 2017 оны 8 дугаар сараас орж ирсэн. Зарим хуульчид мэдэх л байх, төрийн захиргааны байгууллагад ажиллах, өмгөөллийн салбарт ажиллах нь тэнгэр, газар шиг ялгаатай гэж. Одоо миний хувьд өмгөөлөгчөөр ажиллаад л, туршлага хуримтлуулаад явж байна. Тэгээд, тохиолдлоор гэх үү, төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг хүнтэй холбогдох хэрэг дээр намайг хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж эхлэх үед хүмүүсээс, нийгмээс янз бүрийн хардлага гарч байна. Миний цаана ямар улс төрч байна гээд л элдэв хүмүүстэй холбоод л, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бичээд байна. Өнөөдөр нэг иймэрхүү сорилттой нүүр тулаад л байж байна даа.
Дээр дурдсан хувийн аж ахуй эрхэлсэн 3 жилийн тухайд, би хуулийн сургуулиа төгсөхдөө л цаашид төрийн байгууллагад орж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байсан. Энэ нь юу гэдэг юм, бусдад бялдуучлах, улс төрийн карьер хөөе гэсэн ч юм уу зорилготой бус, харин улс орондоо хэрэгтэй юм хийе, өөрийнхөө хувь нэмрийг оруулъя гэдэг талаас нь хандаж байсан. Гэтэл төрийн байгууллагад ороод, ажиллах нь өөрөө албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа талаасаа ямар билээ. Ийм нөхцөлд, аливаа хүн авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэрэгт холбогдох, түүний нэг хэсэг болох, хэн нэгний нөлөөнд автах эрсдэлтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл, дээрх эрсдэлээс ангид байхын тулд, мөн өөрийнхөө ажил, амьдралыг төрийн цалин хангамжаас аль болох хамааралгүй болгохын тулд нэг найзтайгаа хамтраад, UB Kebab гэх түргэн хоолны газрын бизнесийг эхлүүлсэн, эхлүүлээд үйл ажиллагааг нь тогтмол болгох хүртэл 3 жилийн хугацаа зарцуулсан гэсэн үг л дээ.
МЭРГЭЖЛИЙН ДАГУУ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН АЖЛУУДААС ЮУГ ОНЦЛОХ ВЭ?
Төрийн албанд ажиллах хугацаанд Үндэсний аюулгүй байдал болон Батлан хамгаалах салбарын багц 15 хууль, Монгол улсын Батлан хамгаалах бодлогын төсөл боловсруулах, УИХ-д өргөн барих ажлын хэсэгт багтан ажиллаж байсан. Нийтдээ ойролцоогоор 40-50 хуулийн төсөл дээр ажилласан байдаг.
Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцэд хоёр асуудал шийдүүлж байв. Тэдгээр асуудал нь иргэд, олон нийтэд хэрэгтэй, чухал асуудлууд байсан болов уу гэж боддог юм. Юу вэ гэхээр, 2012 онд Хувь хүний нууцын тухай хуульд УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулахдаа ДОХ-ын тухай асуудлыг хувь хүний нууцаас хассан байсан. Энэ нь ямар сөрөг үр дагавар үүсгэдэг вэ гэхээр, жишээ нь 2006 онд Дархан-Уул аймагт амьдарч байсан эмэгтэйг хэн нэгэн ДОХ-той гэж худал мэдээлснээс болоод хүмүүс түүнийг дорд үзсэн, гадуурхсан, зарим үйлчилгээний газрууд хүртэл үйлчлэхгүй байсан гэдэг. Эцэст нь нөхөр нь түүнийг зодоод, алж байсан эмгэнэлтэй хэрэг гарч байсан юм. Хуулийн тэрхүү нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж, хянан шийдвэрлүүлж байсан.
Хоёр дахь нь, Улсын их хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд гишүүнийх нь бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж, хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгоход хувь нэмрээ оруулсан.
ТАНЫ АЖИЛЛАХ АРГА БАРИЛЫГ ЦӨӨН ҮГЭЭР ТОДОРХОЙЛБОЛ?
Оройн цагаар, нам гүм орчинд, ганцаараа байхдаа илүү үр бүтээлтэй ажиллаж, төвлөрдөг талтай. Ийнхүү нэг суусан бол олон цагаар ажилладаг. Чимээ шуугиантай орчинд ч юм уу эсвэл зарим хүмүүс шиг хөгжим сонсонгоо юм хийж чаддаггүй.
АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Фил Жексоны "Арваннэгэн бөгж Амжилтын амин сүнс" номыг тэрээр 2016 онд Монгол хэлнээ хөрвүүлэн гаргаж байжээ. |
МЭРГЭЖИЛ НЭГТ ХҮМҮҮСЭЭС АВЧ БАЙСАН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
1-р курсэд, Монголын төр эрх зүйн түүх хичээлийн үеэр Б.Баярсайхан багшийн хэлсэн "Хуульч хүний хийдэг гол ажлуудын нэг нь унших явдал байдаг. Тиймээс та нар унших дадалд сур, сууж сурах хэрэгтэй. Залхуу нь хүрч байгаа тохиолдолд, номын сан ороод, унших номуудаа ширээн дээр өөрийгөө тойруулаад тавьчих, тэгээд суугаад л бай, цаг хугацааны эрхэнд чамд аль нэгийг нь уншиж эхлэх сэдэл төрнө" хэмээн хэлж байсан үгс санаанаас гардаггүй юм. Үүнийг сонсоод л, хуульч хүн уншиж сурах хэрэгтэй, цаг тутам боловсорч, хөгжиж байх ёстой юм байна гэдэг ойлголттой болсон.
Дараа нь ажлын талбарт гарах үед, тухайн үед манай сургуулийн багш байсан, одоо Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь багш хэлэхдээ, "Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн сууж сурах нь хамгийн чухал шүү дээ. Танай ажил иргэдтэй харилцаад байх юм байхгүй учир дандаа уншиж, судалж суух хэрэгтэй болно. Өдөрт ядаж 50 хуудас ном уншиж бай" гэж зөвлөж байсан юм. Би төрийн байгууллагад 5 жил ажиллахдаа хагас бүтэн сайнгүй л суудаг байсан. Ингээд бодохоор, дээрх зөвлөгөөнүүд надад маш их хэрэг болсон гэж боддог.
ТАНЫ БОДЛООР ХУУЛЬЧ ХҮНД БАЙХ ЁСТОЙ ХАМГИЙН ЧУХАЛ ЧАНАРУУД ЮУ ВЭ?
Юун түрүүнд өөрийн гэсэн үнэт зүйлтэй байх ёстой. Нэмээд шударга байх, зарчимтай байх нь чухал. Энэ гурван зүйлийг ажил, амьдралдаа баримтлахыг хичээдэг дээ.
Зарчмын тухайд, Ч.Өнөрбаяр багш 2007 онд "Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд" номыг орчуулан гаргаж байсан юм. Багш маань тэрхүү номоо надад дурсгах үеэр, "Хэн шударга ёсыг эрж хайна, тэр өөрөө шударга ёсыг тогтоогч байна" гэсэн сайхан үг бичиж өгсөн юм. Энэхүү үг миний баримталдаг нэг зарчим болсон гэж ойлгож болно.
БУСДАД ХЭРЭГТЭЙ МЭРГЭЖЛИЙН НОМ ЭСВЭЛ КИНО САНАЛ БОЛГООЧ?
Оюутан байхаасаа эхлээд захиргааны эрх зүйг сонирхоод, энэ чиглэлээр мэргэшиж байгаа хүний хувьд дараах хоёр номыг санал болгомоор байна. П.Одгэрэл багшийн Захиргааны эрх зүйн ерөнхий анги, нөгөө нь А.Эрдэнэцогт багшийн Монгол улсын Захиргааны процессын эрх зүй. Шалтгаан нь захиргааны эрх зүйн онол, мөн захиргааны эрх зүйтэй холбоотой хэрэг маргаанд оролцох үед ямар гарц, шийдэл, онолын тайлбар байж болох уу, асуудлыг аль талаас нь харж болох вэ гээд эдгээр номыг эргүүлээд үзэхэд дотроос нь ямар нэг хариу заавал олддогт байгаа юм.
ХЭРЭВ ТА ХУУЛЬЧ БИШ БАЙСАН БОЛ ЯМАР МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАХ БАЙСАН ГЭЖ БОДДОГ ВЭ?
Би сурагч байхдаа сэтгүүлч болно гэж боддог байсан. Хамгийн сонин нь дунд сургуулиа төгсөөд яагаад ч юм сэтгүүлчийн хуваарь дээр шалгалт өгөөгүй. Тухайн өдрийн хувь тохиол гэдэг зүйл байдаг байх. Сэтгүүлч байсан бол нийтлэл илүү бичих байсан болов уу. Оюутан байхдаа хуулийн чиглэлээр блог бичдэг байсан.
ИРЭЭДҮЙД ХУУЛЬЧ БОЛОХООР СУРАЛЦАЖ БАЙГАА ЗАЛУУСТ ХАНДАЖ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Сур сур бас дахин сур гэдэг шиг "Унш унш бас дахин унш" гэж хэлмээр байна. "Уншихгүй бол сэтгэхгүй" гэдэг ч үг байдаг. Бид хуулийн сургуульд хуулийг яаж хэрэглэх вэ гэдэгт суралцдаг болохоос биш тухайн үед мөрдөгдөж байгаа хуулиудыг цээжлэх нь чухал биш. Дээр нь, нийгэм хөгжихийн хэрээр шинэ төрлийн харилцаанууд бий болдог, үүнийг дагаад хууль байнга өөрчлөгдөнө, шинэчлэгдэнэ - энэ бүх тохиолдолд хуульч хүн хөрвөж чаддаг, цаг үетэйгээ нийцээд хөгжиж чаддаг байх хэрэгтэй. Оюутан байхдаа ч тэр, сургуулиа төгсөөд ажлын талбар дээр гарсан ч тэр, ерөөсөө байнга л уншиж байх хэрэгтэй.
Өнөөдөр хэн ч байсан, хуульч мэргэжлээр сураад, үр шимийг нь хүртээд, хангалуун сайхан амьдрах боломж байна. Гэхдээ мөнгөний төлөө сүнсээ ч зарах нь холгүй улайрч, зарчимгүй, шударга бус зүйл хийдэг хуульч байснаас байхгүй байсан нь дээр. Зарчимтай байгаасай, өөрийн гэсэн үнэт зүйлтэй байгаасай, шударга ёсыг тогтоогч байгаасай гэж залуучуудаасаа хүсэх байна.
Цаг зав гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа. Цаашдын ажил төрөлд нь өндөр амжилт хүсье!
Бэлтгэсэн: FMB, Б.Пүрэвсүрэн
Comments