Л.Галбаатар: Хуульчаар ажиллах нь нэг удаагийн биш, байнгын сорилт байдаг


Цахим орчин, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйгээр мэргэшсэн хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.

Овог нэр: Лхагвасүрэнгийн Галбаатар
Төгссөн сургууль: МУИС Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр;
Албан тушаал: Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд судлаач;
Мэргэшлийн салбар: Оюуны өмчийн эрх зүй; Цахим орчин, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүй;
Хобби: Ууланд алхах; Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Г.Лхагвадулам, М.Саруул-Эрдэнийн ном болон мэргэжлийн чиглэлийн ном унших;

ТА ЯМАР ШАЛТГААНААР ХУУЛЬЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОСОН БЭ?

Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнд “Олон улсын эрх зүй” гэх мэргэжлийг сонгох боломж гарсан. Шалгалтад бэлдэх, зохих оноо авахад нөлөөлсөн гол зүйл нь багаасаа түүхийн болон уран зохиолын ном унших, зохион бичлэг бичих дуртай байсантай холбоотой юм шиг санагддаг. Түүх, уран зохиолын хувьд надад арай ахадна гэж бодож байсан. Харин хуульч болоход өөрийн чадвар, бололцоо хүрнэ гэж бодсон учраас энэ мэргэжлийг сонгосон.

ХУУЛЬЧААР АЖИЛЛАЖ ЭХЛЭХ ХУГАЦААНД ЯМАР СОРИЛТУУД ТУЛГАРЧ БАЙВ?

Хуульчаар ажиллах нь нэг удаагийн биш, байнгын сорилт болдог. Хуульчийн мэргэжлийн дүрмээр хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандаж, хүчин чармайлт гарган, шуурхай, зохион байгуулалттай ажиллах ёстой. Чин сэтгэлээсээ хандах боломжгүй бол тэр ажлыг хичээл зүтгэл гаргаж, шуурхай, чанартай хийх боломжгүй юм шиг санагддаг. Байнга чин сэтгэл, чанар, шуурхай байх нь үргэлж сорилт болдог.

Үүнээс гадна, үйлчлүүлэгч, харилцагчийн итгэлийг алдахгүй байх, өөрийн ур чадвар, чанарын түвшинг бууруулахгүй, боломжтой бол нэмэгдүүлэх гэсэн сорилт одоо ч тулгарсаар байна.

МЭРГЭЖЛИЙН ДАГУУ ХИЙЖ, ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН АЖЛУУДААС ЮУГ ОНЦЛОХ ВЭ?

Зохиолч, яруу найрагчийн зохиогчийн эрхийг хэвлэмэл бүтээлд болон интернет орчинд зөрчих, мэргэжлийн гэрэл зурагчны зохиогчийн эрхийг хэвлэлийн компани зөрчих зэрэгт зохиогчийн эрхийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж байсан. Оюуны өмчийг хамгаалахад хуульч хүнд тухайн зохиол, бүтээлийг таньж мэдэх, үнэ цэнг нь тодорхойлох чадвар чухал болдог. Үүнээс гадна цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэхэд эрх зүйн мэдлэгээс гадна техник, технологийн ур чадвар нэн шаардлагатай болдог. Цагдаагийн ерөнхий газрын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн үйл ажиллагаа идэвхижсэнээс хойш миний хувьд энэ чиглэлээр харьцангуй бага ажиллаж, соён гэгээрүүлэх тал руу нь түлхүү ажиллаж байна.

ТАНЫ АЖИЛЛАХ АРГА БАРИЛЫГ ЦӨӨН ҮГЭЭР ТОДОРХОЙЛБОЛ?

Зөв зүйл хийх. Төвлөрч ажиллах. Цаг баримтлах.

ӨДӨРТ ХЭДЭН АЯГА КОФЕ УУДАГ ВЭ?

Кофе байнга уудаггүй. Хааяа уудаг. Нар, салхи гээд л хүрээлэн буй орчноосоо эрч хүч авдаг. Өглөө 7 цагт босч, орой 11 цагт унтдаг.

МЭРГЭЖИЛ НЭГТ ХҮМҮҮСЭЭС АВЧ БАЙСАН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Тухайн үед миний мэргэжлийн дадлагын удирдагч, Оюутолгой ХХК-ний Гэрээ, эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан хуульч, өмгөөлөгч Ж.Баттуяа эгч уншиж байгаа нэг номынхоо тухай хэлж байсан юм. Тэр номонд нэгэн шилдэг хуульчийн тухай гардаг. Нэг өдөр тэр хуульч ажлынхаа ширээн дээр нэг хуудас бүхий бичгийг санамсаргүйгээр ил үлдээж орхисноос болж мэргэжлийн замнал нь дуусгавар болдог тухай. Энэ бол хуульч хүн мэдлэг, ур чадвартай байхаас гадна хувийн зохион байгуулалт сайтай, цаг ямагт хариуцлагатай байх тухай миний авсан үнэтэй зөвлөгөө байсан. Тэр үеэс хойш ажиллаагүй үедээ хэрэглэж буй бичиг баримт, ном сэлтийг ямагт далд хийдэг, зөвхөн хэрэгцээтэй зүйлээ л ил гаргаж хэрэглэдэг хэвшилтэй болсон.

БУСДАД ХЭРЭГТЭЙ МЭРГЭЖЛИЙН НОМ ЭСВЭЛ КИНО САНАЛ БОЛГООЧ?

Мэдээллийн аюулгүй байдал, цахим эрх зүйн чиглэлээр мэргэших сонирхолтой оюутнуудад өөрийн бичиж хэвлүүлсэн номыг санал болгоё.
  • Л.Галбаатар "Цахим эрх зүй-хууль зүйн өгүүлэл, ярилцлага" 2010;
  • Л.Галбаатар “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” 2015;
  • Hye-Shin Cho, Batbayar Enkhee, Galbaatar Lkhagvasuren, Doljin Sodnom and Odgerel Tseveen "A Comparative Study on Cybersecurity Legislation in Mongolia and South Korea" 2016;
  • Galbaatar Lkhagvasuren "Impact of Draft International Code of Conduct for Information Security" 2017;
Мөн англи хэл дээр The Diplomat сэтгүүлийн цахим хуудаснаас “Mongolia's Cybersecurity Cooperation: What are the prospects for Mongolian cybersecurity cooperation with Russia and China?” өгүүллийг унших боломжтой.

Киноны хувьд “The Philadelphia”; “12 Angry Men” киног үзэхэд Б.Чимид багшийн хэлсэн “Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой” гэдэг үгийн үнэ цэн улам тодорхой болох шиг санагддаг. Мөн найруулагч П.Дэлгэрбаярын “Тушаал”, “Төрийн дайсан”, “Илд цэцэг” киног үзээрэй.

ХЭРЭВ ТА ХУУЛЬЧ БИШ БАЙСАН БОЛ ЯМАР МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАХ БАЙСАН ГЭЖ БОДДОГ ВЭ?

Зураач болох байсан байх. Багаасаа зурах дуртай байсан.

ИРЭЭДҮЙД ХУУЛЬЧ БОЛОХООР СУРАЛЦАЖ БАЙГАА ЗАЛУУЧУУДАД ХАНДАЖ ЮУ ЗӨВЛӨХ ВЭ?

Мэдлэг, ур чадварыг ёс зүйтэй ямагт хослуулаарай. Аль болох зөв зүйлийг хийхийг хичээгээрэй. Бас хүний эрхийг хамгаалах, хууль зүйн асуудалд “necessary & proportionate” буюу шаардлагатай эсэх, хангалттай үндэслэлтэй эсэх, зохистой хэмжээг баримталсан эсэхийг урьтал болгоорой.

Цаг зав гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа. Цаашдын ажил төрөлд нь өндөр амжилт хүсье!

Уншигч танд ярилцлагын буланд нэмэгдэх ёстой асуулт байна гэж үзвэл бусад санал, хүсэлтийн хамт манай Facebook хаяг болон urgeljiin@gmail.com имэйл хаягаар холбогдож, мэдэгдэнэ үү. Танд баярлалаа! 

Comments