Хуулийн оюутнуудын зуны амралтаараа хийж үзэх 8 зүйлс


Оюутнууд маань шалгалт шүүлгээ дуусгачихаад, "одоо юу хийх вэ" хэмээн бодож байгаа бол зуны амралтаараа хийж үзэх дараах 8 зүйлийг санал болгож байна. Заавал бүгдийг нь нэг зуны дотор багтаах гэсний хэрэггүй шүү.
  1. Сонирхлоороо хуулийн ном унших. Тархиа амраах гэсэн оюутнуудад энэ аргыг алгасахыг зөвлөе. Гэвч өөрийгөө ямагт хөгжүүлж байх нь залуу хүний сонирхол бус үүрэг байх ёстой. Сурах бичиг, хуулийн актуудаас илүү уншихад сонирхолтой, хялбар, ашигтай номууд ч бас байдгийг сануулъя. Жишээлбэл, Америкийн гүн ухаантан Рональд Дворкины "Хуулийн эзэнт гүрэн" номыг монгол хэлээр олж унших боломж 2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус номыг бэлтгэснээр бий болсон юм. Хэрвээ ертөнцийг арай өөр өнцгөөс харахыг хүсвэл, өнөөгийн хуулийн онолыг тэртээ МЭӨ 3-р зуунд үндэслэгч Аристотель, Плато нарын онолуудыг уншихад өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.
  2. CV-гээ бэлдэх. Ажилд ороход хамгийн түрүүнд CV чинь чамайг илэрхийлнэ. CV буюу товч намтараа хэр зэрэг зөв хийснээс шалтгаалж ажилд орох үгүй чинь шийдэгддэг тул одооноос эхэлж стандартуудыг баримтлан эмхэтгэж эхлээрэй. Хуулийнхан хэнийг ч дагуулахгүйгээр бичиг баримтаа төгс бүрдүүлдэг нь мэргэжлийн онцлог тул түүнд суралцсан үгүй чинь CV-нээс харагдана шүү.
  3. Хуулийн байгууллагад ажилд орох. Зуны амралт ажлын туршлага олж авахад хамгийн тохиромжтой үе. Төрийн, хувийн гээд ямар ч хуулийн байгууллагад түр хугацаагаар ажиллах нь их зүйл сурч, цаашдын чиг үүргээ олоход маш их тусална.
  4. Ямар ч хамаагүй ажил хийх. Заавал хуулийн гэлтгүй мэргэжлийн ур чадвар үл шаардагдах ажил хийх нь ч бас туршлага олж авч байгаагийн нэг хэлбэр. Шинэ хүмүүс, шинэ ажлын байр, шинэ ажил гээд тэс өөр орчинд орж ирэх нь хувийн төлөвшилд нөлөөлөөд барахгүй шинэ санаа орж ирэхийг ч үгүйсгэх аргагүй юм.
  5. Нийгэмд тустай сайн дурын ажил хийх. Хуульч болохын урьтад ХҮН болох хэрэгтэй учраас хүмүүст чиглэсэн нийгмийн сайн дурын ажилд гар бие оролцох нь сэтгэлийн баяр баясгалан авчираад зогсохгүй дээр дурьдсанчлан CV-гээ баяжуулах нэг арга юм. Сүүлийн үед нийгэмд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хурц байгаатай холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, сайн дурын нийгэмлэгүүдийг хялбархан олж болно. Захаас нь дурьдахад, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг Лантуун дохио ТББ жил болгон сайн дурынханыг бүлгэмдээ элсүүлж авдаг юм.
  6. Блог хөтлөх. Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх хамгийн тохиромжтой арга. Хэрвээ бичихийг хүсэхгүй байгаа бол авсан зургаа нийтэлж өөрийн гэсэн орон зайгаа цахим ертөнцөд бий болго.
  7. Дүгнэлт хийх. Энэ удаад өөртөө биш сонирхсон сэдвээрээ хуулийн зохицуулалтыг нь сонгож аван түүн дээр дүгнэлт хийхийг хичээгээрэй. Хэзээ, хэнээр, ямар асуудлын улмаас баталсан болох, өнөөг хүртэл хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалж, юуг нь өөрчилж, шинэчилмээр байгаа талаараа бичих. Цагт баригдалгүй хийсэн бүтээл чинь сайн л болох учиртай.
  8. Боломжийг эрэлхийлэх. Ойрын хугацаанд болох лекц, семинар, хурал гээд оролцох боломжтой арга хэмжээнүүдийг хайж ол. Тэндээс суралцаж болох хүмүүстэй таарч, тэдэнд тулгарсан бэрхшээлүүд, туршлагынх нь талаар үнэлэхийн аргагүй зөвлөгөөнүүдийг авч болно. Түүнчлэн дараагийн алхмуудаа эртнээс төлөвлөх нь боломжийг хялбар эрэлхийлэхэд хэрэгтэй. Мэргэжлээрээ дахин суралцах уу, гадаадад суралцах уу эсвэл ажилд орох уу гэдгээс шалтгаалж юуг хаанаас хайхаа шийднэ шүү дээ. Ажилд орохоор төлөвлөж байгаа бол жил бүр зохиогддог ажлын байрны үзэсгэлэн дээр очиж ямар шалгууртай байдаг талаар судлах нь хожим сургуулиа төгсөөд, богино хугацаанд ажлын байртай болох боломж юм. Гадаадад мэргэжлээ дээшлүүлэхээр төлөвлөж байгаа бол мөн л боловсролын үзэсгэлэнгүүдээр зочилж, тэтгэлэг тэтгэмжийн талаар мэдээлэл цуглуулж байх хэрэгтэй.