Ц.Мөнх-Эрдэнэ: Berkeley бол илтгэх урлаг, мэтгэлцээний ууган клуб


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 3-р түвшний оюутан, "Berkeley" клубийн тэргүүн Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

Манай уншигчдад та өөрийгөө танилцуулна уу?
Сайн байна уу, намайг Цэрэндоржийн Мөнх-Эрдэнэ гэдэг. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3-р түвшний оюутан, Солонгосын эрх зүйн тэнхимд харьяалагддаг. Тус сургуулийн харьяа илтгэх урлаг, мэтгэлцээний Berkeley клубийн тэргүүнээр сонгогдоод удаагүй байна. Би сагсан бөмбөг тоглох сонирхолтой. Их сургуульд ороод уран зохиолын ном унших шинэ хоббитой болсон.

Хуульч мэргэжлийг эзэмшихээр, хуулийн сургуульд элсэх болсон шалтгаан нь юу байсан бэ?
Би дунд сургуулиа Архангай аймагт дүүргэсэн. Бусад хүмүүс шиг багаасаа хуульч болно хэмээн хүсч мөрөөдөж байсангүй. Эцэг, эх маань надад санаа тавин, зарим нэг асуудал дээр зөвлөгөө өгдөг ч, ирээдүйд миний хэн болох, ямар мэргэжилтэй хүн болох тал дээр “Чи өөрөө шийд” гэдэг байр сууринаас ханддаг. Тийм ч учраас хуулийн сургуульд элсэх шийдвэрийг би өөрөө гаргаж байсан. Тухайн үед би элсэлтийн ерөнхий шалгалтанд авсан оноогоор хэд хэдэн сургуульд тэнцсэн байсан. Тэр дундаас миний сонирхолыг татсан нь МУИС-ийн Хууль зүйн сургууль байсан л даа. Би ч түүнийг сонгосон. Ийнхүү хүссэн сургуульдаа ороод, мэргэжлийн хичээлүүдийг үзэж, судлаад явж байхдаа би мэргэжлээ зөв сонгосон юм байна гэж боддог.

Та Berkeley клубт хэдийнээс харьяалагдаж эхэлсэн бэ?
Тус клубт анх 2-р курсдээ элсэж байлаа. Түүнээс өмнө, 1-р курст илтгэх урлаг, эсээний уралдаан, тэмцээнд багаар болон хувиараа оролцдог байсан. Ингээд 2-р курсээс буюу жилийн өмнөөс би мэтгэлцэх урлагаар түлхүү хичээллэх сонирхолтой болсон маань намайг Berkeley клубтэй холбосон. Үр дүн нь 2017 онд болсон “Үндсэн эрх” сэдэвт мэтгэлцээний тэмцээнд манай баг улсын аваргаар шалгарсан явдал гэж боддог. Мөн Berkeley клубийн нэг хэсэг байгаа маань миний хувьд өөрөө өөртөө гаргасан амжилт юм. Би Berkeley клубийнхээ тэргүүн нь болоод удаагүй байна. Энэхүү нэр хүндтэй клубийн тэргүүнээр сонгогдоно гэдэг нэр төрийн хэрэг төдийгүй их хариуцлагатай ажил. Нөгөө талаас, хамт олон маань надад итгэл хүлээлгэж байгаад талархаж байна.


Та клубийнхээ үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Berkeley клуб анх 1998 онд байгуулагдсан. Энэ жил 20 жилийн ой нь тохиож байна. Үүнтэй холбогдох зарим арга хэмжээг зохион байгуулах талаар ажлын төлөвлөгөөг бид гаргаж байна. Мөн клубийн маань хаврын шинэ элсэлтийн бүртгэл эхэлсэн байгаа. Berkeley бол Монголын Парламентийн мэтгэлцээний нэгдсэн танхим төдийгүй Монгол улсын их сургууль дотроо ууган клубуудын нэгт тооцогддог. Үйл ажиллагааны чиглэл нь илтгэх урлаг, мэтгэлцээний талаар ойлголтыг гишүүдэд өгөх, сурталчилах, түүгээр хичээллүүлэх, сургалт, зөвлөгөөний шинжтэй үйл ажиллагаа явуулах.

Оюутнууд яагаад манай клубт элсэх хэрэгтэй вэ, тэд илтгэх урлаг, мэтгэлцээний төрлөөр хичээллэснээр ирээдүйд ямар давуу талтай болох вэ гэвэл үүнд олон шалтгаан дурдаж болно. Хамгийн наад зах нь, бид сургуулиа төгсөөд, ирээдүйд эзэмшсэн мэргэжлээрээ практик дээр ажиллана. Тэр үед, магадгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад та хэргийн оролцогч болон зохигч талуудтай харилцан ярилцах, эвлэрэх, тохиролцох зүй ёсны шаардлагатай тулгарна. Мөн шүүх танхимд, шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцоно. Энэ үед илтгэх урлаг болон мэтгэлцээнээр хичээллэсний үр дүн гарах ёстой.

Танайхтай төстэй өөр хэдэн клуб байдаг вэ? Тэднээс ялгарах онцлог нь юу вэ?
Улаанбаатар хотод мэтгэлцээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 10 орчим клуб байна. Клубуудын хооронд тодорхой хэмжээний өрсөлдөөн байх ч гэсэн үүнээс илүүтэйгээр бид нэг нэгнээсээ суралцдаг. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит Mock Trial шүүхийн мэтгэлцээний тэмцээнд манай клуб жил бүр зохион байгуулагчаар оролцдог.

Berkeley клубийн бусдаас ялгарах нэг давуу тал нь гишүүдийн хандлага буюу клубээ гэх сэтгэл, бие биенээ хөгжүүлэх гэсэн чин эрмэлзэл нь юм. Гишүүнчлэлийн хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан байхыг шаарддаг. Манай клубт харьяалагддаг байсан нэр бүхий зарим гишүүдээс дурдвал, Харвардын их сургуулийг төгсөгч, хуульч С.Эрдэнэболд, Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хуульч Б.Гүнбилэг, мөн хуульч Ж.Эрхэмбаатар гээд хүмүүс байна.


Үеийн залуус болон хуулийн сургуулийн оюутнуудад хандаж ямар нэгэн уриалга дэвшүүлээч?
Оюутан нас бол залуу нас байдаг. Ийм учраас түүнийг дурсамж дүүрэн өнгөрөөхийн хажуугаар олдож буй цаг хугацааг аль болох мэдлэг олж авах, суралцахад зориулах нь зүйтэй болов уу. Бас хандлага гэдэг зүйл бүх зүйлийн эхлэл байдаг юм шиг санагддаг. Хэн нэгэн ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсээд, түүний төлөө зөв хандлагаар тэмүүлж чадвал тэр хүний хувьд амжилт ар араасаа урган гарч байдаг гэдэгт би итгэдэг. Тиймээс залууст хандаж хэлэхэд, эерэг хандлагатай байж, амжилтын үндсийг бий болгоорой гэмээр байна.

Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

Гэрэл зургийг Ө.Хулан

Comments