Хуулийн сургуульд орсон эхний өдрөө санаж байна уу? Чухам л өөртэй итгэлтэй амьтан, Харви Спектр болчихсон аятай аашилж байснаа мартаагүй биз?
Эргээд бодоход, та дунд сургуульд онц сурдаг байсан, магадгүй хэд хэдэн холбоонд гишүүнээр харьяалагддаг байсан, ингээд энэхүү амжилтаа хуулийн сургуульд ороод үргэлжлүүлсэн.
Харин одоо ажлын ярилцлаганд орохоор ирсэн байна. Өрөөнд байгаа бусад хүмүүсээс та хамгийн ухаалаг нь биш байж болох ч өөртөө итгэсээр. Гэхдээ тэрхүү итгэл тань бусадтай ярилцаж эхлэх мөч хүртэл үргэлжилж болно.
Таны хажууд сууж буй залуугийн аав нь шүүгч бөгөөд тэрээр сүүлийн 4 жилийн турш зуны амралтаараа мэргэжлийн дадлага хийдэг байж. Харин таны нөгөө талд сууж буй охин нэгэн томоохон хуулийн фирмд нарийн бичиг хийж байсан туршлагатай аж.
Энэ үед дотор тань эвгүйрхэж эхлэв.
“Эцсийн эцэст, мэргэжлээрээ ажилласан дадлага, туршлагагүй хүн яаж энэ хүмүүстэй нэг ажлын байрны төлөө өрсөлдөх юм бэ” хэмээн та өөрөөсөө асууна.
Ийм учраас магадгүй таны CV-г харсан хүний нөөцийн менежер эсвэл партнерийн инээд нь хүрнэ гэж бодож байвал ТА БУРУУ БОДОЖ БАЙНА.
Хуулийн фирмүүд өөртөө итгэлтэй, ачаалал дааж чадах, үйлчлүүлэгчтэй харилцаж чадах, хамгийн гол нь бэрхшээлээс зугтдаггүй нэгнийг хайж байдаг.
Аль нэг хуулийн фирмд дадлага хийж байгаагүй нь таныг дээрх чадваруудыг эзэмшээгүй хэмээн үзэх шалтгаан болохгүй гэдгийг санаарай.
Ямартай ч хуулийн фирмд ажиллах өргөдөл өгөхөөс өмнө ажлын туршлага олж авч болох өөр 5 төрлийн сонголтыг танд санал болгож байна.
ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
Та оюутан байхдаа сургууль дээрээ хамгийн их цагийг өнгөрөөдөг байсан байж таарна. Тэгвэл тэнд яагаад ажиллаж болохгүй гэж? Хуулийн фирмүүд 24/7 хоногийн турш номын санд суух нэгнээс сургуулийн дотоод үйл ажиллагаанд оролцдог нэгнийг илүүд үздэг. Та оюутны холбоонд элсэж болно, сайн дурын хөтөлбөрүүдэд оролцож болно, оюутнуудад зөвлөх, ментор хийж болно шүү дээ. Мөн багш, туслах багш, бүр эсвэл аль нэг профессорын судалгааны ажилд туслахаар ажиллаж ч болох юм.ХУВИЙН БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ
Хуулийн фирмүүд мөн бүтээлч сэтгэхүйтэй, зохион байгуулах чадвартай (энтерпренерлэг) нэгнийг эрэлхийлж байдаг. Хувийн бизнес хийхээс илүүтэй энэхүү чадвараа бусдад хэрхэн харуулах билээ? Хэрэв танд ямар нэгэн бизнесийн санаа, аливааг зохион бүтээх гэсэн чин эрмэлзэл байгаа бол түүнийг тань дэмжих хувь хүн, байгууллага, вебсайтуудад, жишээ нь Kickstarter сайтад хандах боломжтой. Өөрийнхөө старт-апийг эхлүүлэх нь таныг бусад өрсөлдөгчөөс тань ялгарч харагдахад том түлхэц болох болно.ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ
Хүн бүр Тереза эх шиг байх албагүй ч хэрэв та хүсч байвал, зүрх сэтгэл, цаг хугацаагаа тэрхүү сайн дурын ажилд зарцуулах өөрийн учир шалтгааныг олсон байна гэсэн үг. Сайн үйл хийх нь ирээдүйн ажил олгогч нарт таныг зөвхөн өөрийнхөө төлөө сурч, ажиллахаас гадна бусдын төлөө, тэдэнд туслах чин эрмэлзэлтэй болохыг харуулах учиртай. Ер нь цөөнгүй хуулийн фирм сайн үйлийн аянд оролцдог, мөн про боно үйл ажиллагаа эрхэлдэг. Магадгүй та аль нэгэн фирмтэй хамтран ажилладаг хүмүүнлэгийн байгууллагад байдаг бол энэ нь таны хувьд давуу тал болно.АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ
Олон нийтийг хамруулсан, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулж байсан уу? Төсөл санхүүжүүлэх зорилгоор хүмүүсээс хөрөнгө, мөнгө татаж байв уу? Арга хэмжээ зохион байгуулна гэхээр энэ нь зугаа цэнгэлийн шинжтэй ажил шиг сонсогдох ч, CV дээр бичигдсэн тохиолдолд, ажил олгогч талд таныг бусдыг удирдан чиглүүлэх, манлайлах ур чадвартай хэмээн харагдуулдаг. Зохион байгуулна гэдэг нь ачаалалтай байхын дээр үйл ажиллагааг цаг хугацаанд нь явуулах хариуцлагатай ажил. Ажил олгогчоос чухам ийм хүмүүсийг хурд, бүтээлч байдал шаардсан ажлын байранд авах сонирхолтой байдаг.ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ
Хурд, бүтээлч байдлын талаар дээр дурдсаных, худалдаа, үйлчилгээний байгууллагад хийж байсан цагийн, бүтэн цагийн ажлын талаарх мэдээллийг хүмүүс өөрсдийн CV материалд тусгахаас ичдэг. Гэвч нөгөө талаас, ажил олгогч таныг ачаалалтай нөхцөлд ажиллаж сурсан, үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн үйлчилж, тэдэнтэй харилцаж сурсан, мөн багаар ажиллаж сурсан хүн байна гэж хардаг. Хийж байсан ажил тань танд сайхан санагддаггүй байж болох ч түүнээс олж авсан туршлага хамгийн үнэтэй нь юм.Энэ мэтээр та заавал хууль, шүүхийн байгууллагад харьяалагдахгүйгээр ажлын дадлага, туршлага хуримтлуулах боломжтой. Та өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө үнэлж, бусдад үнэлүүлж чаддаг л бол таны хаана, юу хийдэг тийм ч чухал биш. Өнгөрсөнд анхаарал хандуулахын оронд өнгөрснөөс олж авсан мэдлэг, ур чадвар, тэдгээрийг хөгжүүлэхэд төвлөр. Ажлын ярилцлаганд орох болбол та хамтран ажиллагсадаа өмнө нь хэрхэн эвлэрүүлж байсан тухай, ууртай үйлчлүүлэгчийг хэрхэн тайвшруулж байсан тухай яриарай. Ажлын туршлага гэдэг нь гоё сайхан CV материалаар бус, хувь хүний хөгжлөөр илэрдэг зүйл гэдгийг санаарай. Амжилт хүсье!
Эх сурвалж: Survive Law
Comments