Албан байгууллагад, мэргэжлийнхээ дагуу зуны дадлага хийх нь таны карьерт эерэг нөлөөтэй байна. Энэ бол туршлага хуримтлуулах, өөрийгөө сорих, хуулийн фирм хэрхэн ажилладаг талаар ойлгох, хамгийн чухал нь ажлын санал хүлээн авах боломж юм.
Харин ямар тохиолдолд зуны дадлагыг амжилттай болсон гэж үзэх вэ?
Ажил олгогчоос таны хуулийн мэдлэгийг үнэлсэн бол сайн хэрэг. Гэвч энэ нь хангалтгүй юм. Таны зан байдал, хандлага, өөрөөр хэлбэл, хэрхэн мэргэжлийн хүн шиг биеэ авч яваа байдлыг тань тэд анзаарч, үнэлсэн бол зуны дадлага ёстой амжилттай боллоо хэмээн үзэж болно.
Хуулийн фирмүүд дээр дурдсан шиг “хариуцлагатай”, “ур чадвартай” хуульч болох хүнийг эрэлхийлж байдаг учраас зуны дадлагын үеэр та өөрийгөө тэдэнд зөвөөр таниулах ёстой. Үүнтэй холбогдох, бас танд тус болох дараах зөвлөмжийг сонирхоно уу.
ЗӨВ ХУВЦАСЛА
Мэргэжлийн байхын нэг хэсэг нь мэргэжлийн харагдах явдал юм. Шударга бус санагдаж болох ч, хүмүүс таны мэргэжлийн ур чадварын төвшинг өмссөн хувцсаар тань дүгнэдэг. Мэргэжлийн харагдах гэдэг нь үнэтэй, брендийн хувцас өмсөх тухай биш. Харин та өөртөө тохирсон, цэвэрхэн хувцас өмсөж, албаны харагдах тухай ойлголт юм.
ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНД
ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНД
Мэргэжлийн хүн эелдэг, тусч, бусдад талархах сэтгэлтэй байдаг. Тухайн байгууллагад таныг хариуцсан, танд дэмжлэг үзүүлэхээр томилогдсон ажилтан бий. Шаардлагатай тохиолдолд та түүнээс дэмжлэг хүсээрэй, харин дараа нь талархлаа заавал илэрхийлэх ёстой. Хэрэв та бүдүүлэг, анзааргагүй, бусдад талархах сэтгэлгүй байх тохиолдолд хамтран ажиллагсад тань таны талаар таагүй сэтгэгдэлтэй үлдэх болно.
ЗОХИСТОЙ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭ
ЗОХИСТОЙ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭ
Үр нөлөөтэй, зохистой харилцаа холбоо таныг бусдаас ялгаруулж, ажил олгогчоос танд чухал ажил даалгах итгэлийг төрүүлнэ. Мэдээж хэрэг, бичсэн дүгнэлт, мөн имэйл тань цэвэрхэн, ойлгомжтой, сайтар шалгагдсан, зохих форматын дагуу байх ёстой. Харилцан ярианд мэргэжлийн байдлаар оролцох нь ч үүнд хамаатай. Харин ажлын байрны орчинд зохисгүй үг хэллэг хэрэглэх, хов жив хөөцөлдөх, хэт хувийн асуудлаа дэлгэхээс болгоомжлох хэрэгтэй.
НОЁН НУРУУГАА АЛДАЖ БОЛОХГҮЙ
НОЁН НУРУУГАА АЛДАЖ БОЛОХГҮЙ
Сайхан зан ааштай, тусархаг ажилтан байхад танаас тэгтлээ их хүчин зүтгэл шаардахгүй. Дадлагын үеэр хэн нэгнээс тэгж өгөөч, ингэж өгөөч хэмээн эелдэг гуйх, талархал илэрхийлэх, хүнтэй танилцахдаа гар барих, өглөө мэндчилэх, орчноо цэвэрхэн байлгах, өрөөнөөс гарахдаа хаалга хаах гэх мэт энгийн дүрмийг өдөр бүр зохих ёсоор нь баримтлахыг мартаж болохгүй. Ажил, хурал, уулзалтад цагтаа ирэх мэргэжлийн ёс зүйн дүрмийг ч энд умартаж болохгүй.
ГАР УТАСНААС ХОЛ БАЙГААРАЙ
ГАР УТАСНААС ХОЛ БАЙГААРАЙ
Та тэнд ажил хийхээр сонгогдсон болохоос сошиал хуудас шалгахын тулд сонгогдоогүй. Хэн нэгэн хуульч энэхүү байдлыг тань анзаарах тохиолдолд тэрээр таны яг ямар ажил хийж байгаа, яагаад чөлөөт цаг ихтэй байгаа талаар гайхан, эргэлзэж эхэлнэ. Хэрэв та муу зуршилтай бол утсаа ширээн дээр ил тавих хэрэггүй, халаасанд, цүнхэндээ хийж болно. Харин утсаар ярих шаардлагатай бол өрөөнөөс гарч, хаалгыг хааж байгаад ярих хэрэгтэй. Гар утаснаас хол байх нь таныг бусдад буруу танигдахаас сэргийлэхийн дээр төвлөрөх, үр бүтээлтэй ажиллахад тань тустай байх болно.
АРГА ХЭМЖЭЭНЭЭС ЗУГТАХ ХЭРЭГГҮЙ
АРГА ХЭМЖЭЭНЭЭС ЗУГТАХ ХЭРЭГГҮЙ
Зуны дадлага хийх үеэр танай байгууллага олныг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулах болбол та түүнд заавал хамрагдахыг хичээгээрэй. Энэ бол тухайн байгууллагын соёлтой танилцах, хуульч нартай танилцах боломж юм. Хэдий ажлын байрнаас гадуур, чөлөөт арга хэмжээ ч гэлээ хүмүүс таныг ажигласаар байх болно гэдгийг санаарай. Цөөн хундага хатуу ундаа, санаатай, санаандгүй хийсэн болчимгүй үйлдэл тань бусдын таныг гэх үнэлэмжийг бууруулж болно. Мэдээж хэрэг, инээж, хөгжилдөхөд болохгүй зүйл байхгүй, гол нь ямар ч тохиолдолд та өөрийнхөө хамгийн сайнаар байх ёстойг мартаж болохгүй.
АЖИЛДАА ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛ
АЖИЛДАА ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛ
“Мэргэжлийн” байх хамгийн гол зүйл бол таны юу ярих, юу өмсөх, зүүх биш, харин хандлага болон ажлын ёс зүйн төвшин юм. Мэргэжлийн хүмүүс хаа байгаа газраа, юу байгаагаараа, юу чадахаа, бүх хүчээрээ хийхийг эрмэлзэж байдаг. Тиймээс та ажил олгогчид өөрийн суралцах, ажиллах чин хүсэлтэй болохоо таниулахыг зорих нь зүйтэй. Асуулт асуу, идэвх, санаачлагатай бай, эрт ирж, орой яв, ажилдаа анхаарал хандуул – тэгж чадвал та өөртөө хүндлэл олж авах болно.
Мэргэжлийн байх гэдэг нь зөвхөн зуны дадлагыг амжилттай хийхэд хамаарах биш, таны цаашдын карьерт ч хамаатай, эерэг нөлөөтэй чиг хандлага юм. Та ажлаа хамгийн сайнаар нь хийхийн тулд өөрөөсөө тогтмол хичээл зүтгэл гаргах хэрэгтэй, мөн бусдын зөвлөгөө, тусламжийг хүлээн авч, тэдэнд таларх, хариуг нь барь – энэ бол та өөрийн ирээдүйд бий болох ажил хэргийн нэр хүндийг бүтээж буй хэлбэр юм.
Эх сурвалж: The National Jurist
Мэргэжлийн байх гэдэг нь зөвхөн зуны дадлагыг амжилттай хийхэд хамаарах биш, таны цаашдын карьерт ч хамаатай, эерэг нөлөөтэй чиг хандлага юм. Та ажлаа хамгийн сайнаар нь хийхийн тулд өөрөөсөө тогтмол хичээл зүтгэл гаргах хэрэгтэй, мөн бусдын зөвлөгөө, тусламжийг хүлээн авч, тэдэнд таларх, хариуг нь барь – энэ бол та өөрийн ирээдүйд бий болох ажил хэргийн нэр хүндийг бүтээж буй хэлбэр юм.
Эх сурвалж: The National Jurist