АЖИЛД ОРОХ: Таны Фэйсбүүк найзууд дунд хэн байгааг анзаар


АНУ-д зорчих бүх төрлийн виз хүсэгчээс тус улсын элчин сайдын яам сүүлийн 5 жил ашигласан сошиал хаягийг нь авч, шалгадаг болох тухай мэдээллийг та дуулсан байх. Мөн хувийн байгууллагууд ажилтан сонгон шалгаруулахдаа түүний сошиал хуудсыг албан бусаар шалгадаг практик бий. Үүний цаана таны ямар хүн болохыг танин мэдэх, хянах учир шалтгаан байдаг нь нууц биш. Чухам энэ үед бид зөв зохистой интернэт хэрэглээний талаар ярих ёстой. Law School Toolbox сайтын админ сошиал хуудасны хэрэглээтэй холбогдох дараах зөвлөгөөг бичсэн байна.

Энэхүү мэдээллийг уншиж буй та нарын ихэнх нь Фэйсбүүк хуудастай байх. Миний хувьд бусад хүмүүсээс арай хожим Фэйсбүүкт элссэн түүхтэй. Тухайн үед надруу ажлын газрын хүмүүс олноороо “Найз болох” хүсэлт илгээж байв. Яагаад болохгүй гэж? Түүнээс хойш таних, танихгүй олон ч хүмүүстэй найзууд болсон.

Миний анзаарсан нэг зүйл бол Фэйсбүүкт хүмүүс хувийн болон албаны шинжтэй бичвэрүүдийг тогтмол оруулдаг. Ингээд ажлын газрын бүх хүмүүстэй найз учраас тэд миний бичвэрийг уншиж байдаг, заримдаа сэтгэгдэл үлдээдэг. Ийм төрлийн харилцаа танд ямар санагдаж байна?

Бид өөрсдийн амьдралд тохиолдож буй элдэв үйл явдлыг тэнд нийтлэхдээ дараа нь хэн түүнийг унших талаар ач холбогдол өгдөггүй. Ихэнх хүмүүс Фэйсбүүкийг танилын хүрээгээ тэлэх хэрэгсэл гэх байх. Жишээ нь, ийм, тийм нэгнийг мэдэх хүн байхгүй биз гэсэн пост бичих үед хүмүүс их л хурдан хариу ирүүлж харагддаг. Гэхдээ би Фэйсбүүкийг маш болгоомжтой ашиглах болсон. Мөн миний найзууд ямар хүмүүс байгаа тал дээр анхаарал хандуулдаг.

Хэрэв та ямар нэгэн хурал, зөвлөгөөний үеэр надтай танилцаад, Фэйсбүүк хуудасруу минь хүсэлт илгээвэл би түүнийг бараг л авахгүй болов уу. Хувийн нарийн учир шалтгаантай биш л дээ. Миний хувьд Фэйсбүүк бол гэр бүл, дотны найзуудын сүлжээ байдаг. Энд ажил, албаны шугамаар таньдаг хүмүүс хамаарахгүй. Учир нь би тэнд өөрийн нохойны зургийг, хуримын зургийг, гэр бүлийн гишүүдтэй хамт байх үеийн зургийг, тэдэнд л хамаатай бичвэрүүдийг нийтэлнэ шүү дээ.

Харин одоо LinkedIn хуудасны талаар яръя. Хэрэв та миний LinkedIn хуудасруу хүсэлт илгээвэл би түүнийг дуртайяа хүлээн авах болно. Яагаад гэвэл энэ бол намайг мэргэжилтнүүдтэй холбох зориулалттай нийгмийн сүлжээ. Өнөөдөр олон хүмүүс яг ийм байдлаар сошиал хуудсуудыг өөр хооронд нь зааг ялгаатай ашиглаж байна. Нэгийг нь арай хаалттай байдлаар, нөгөөг нь нээлттэй байдлаар. Гол ялгааг нь таныг анзаарсан байх гэж найдаж байна.

Одоо та Фэйсбүүк найзууд болон өөрийн тэнд бичдэг бичвэр, хуваалцдаг зураг, нийтлэлүүдийн талаар эргэцүүлээд үзээрэй. Эдгээрийг та хамт ажилладаг ажилтан, ахлах ажилтан, захирлууддаа, мөн ирээдүйд таны ажил олгогч болох боломжтой хүмүүст харуулахыг хүсч байна гэж үү? Таны юу бичдэг, юу хуваалцдаг энэ бүхэн нийтэд өөрийг тань төлөөлөх тусгал болж байдаг гэдгийг санаарай.

Дээрх бичвэрээр сошиал сүлжээнд хувийн болон албаны харилцааг хэрхэн ялгаж, салгах талаар танд ямар нэгэн сэдэл төрүүлэхийг хүслээ. Амжилт хүсье!

Зургийн эх сурвалж: Pixabay.com