Сургуулиа төгсөх дөхөж буй оюутнуудад, мөн ажил хайж буй эрх зүйч нарт ажлын байр хэрхэн хайх талаар дараах жижигхэн мэдээллийг бэлтгэлээ. Амжилт хүсье!
Танил тал ашиглах
“Танилтай бол талын чинээ” гэдэг. Зарим тохиолдолд энэ үг буруугаар ойлгогдох нь ч бий. Ямартай ч ажлын байр эрэх хамгийн эхний арга бол таньдаг хүн, ах, эгч нараасаа тусламж эрэх явдал. Таны гэр бүл, найз нөхдийн хүрээлэлд хуульч, өмгөөлөгч нар байдаг бол танд ажилтай болох боломж байна гэсэн үг. Аливаа хүний мөн чанар бусдад туслах, үр дүнд нь өөрөөрөө бахархах, талархал хүлээн авах байдаг. Тийм учраас тус хүргэх боломжтой гэж үзсэн хүнтэйгээ та утсаар, фэйсбүүкээр харилцах, биеэр очиж уулзан шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг авахын хажуугаар ажлын байр сураглаж болох юм. Гэхдээ удаан хугацаанд хэл, чимээгүй байж байгаад тэдний өмнө гэнэт гарч ирээд, туслаач гэх тохиолдолд жаахан ичгэвтэр, эсвэл учир дутагдалтай байж болохыг та дотроо тунгаана биз.Зарын сайтуудыг харах
Монголд ажлын байрны зар нийтэлдэг хамгийн том 2 эх сурвалж бий. Biznetwork.mn сайтыг хүн бүр мэдэх байх. Тус сайтад ажлын байрны нийт заруудыг салбар тус бүрээр ангилсан байх ба нүүр хуудасных нь зүүн талд “Хууль, хуулийн үйлчилгээ” гэсэн цэс бий. Тэнд мэдээж хуульч, эрх зүйч нарт хамаатай бүх зар нэгэн дор байх болно. Хүн зарим тохиолдолд алдаа гаргадаг. Магадгүй ажил олгогч хуулийн салбарт хамаарах зарыг оруулахдаа “Оффис, Захиргаа, Хүний нөөц” гэсэн цэсийг сонгочихсон байж болно. Үүнээс сэргийлэхийн тулд та сайтын “Ажлын байр хайх” хэсэгт Эрх зүй хэмээн бичээрэй. Энэ тохиолдолд ажлын байранд тавигдах шаардлага дээрээ “Эрх зүйч байх, Эрх зүйн боловсрол эзэмшсэн байх” гэсэн зарууд нэгэн дор гарч ирж харагдана. Өөрөөр хэлбэл, “Хууль, хуулийн үйлчилгээ” цэс доторх мэдээллээс илүү өргөн хүрээний мэдээллийг та олж харах боломжтой юм. Ажил олгогч нар Unegui.mn сайтад тэр бүр ханддаггүй ч хувь өмгөөлөгч, жижиг хуулийн фирм, компаниуд ажлын байрны зар их нийтэлдэг. Тэдгээрийг олох, шүүх тухайд Biznetwork.mn сайт дээрх шиг нэмэлт арга хэрэглэх шаардлагагүй.Фэйсбүүк группд элсэх
Монголчуудын амьдрал бараг л тэр чигтээ Фэйсбүүк гэдэг ганцхан сайтад багтаад байгаа. Хуулийн салбарт хамаарах улсуудын хамгийн идэвхтэй хэрэглэдэг “Mongolian Lawyers Discussion”, “Legal Window of Mongolia”, “Орчлон клуб” гэсэн Топ-3 группүүдэд зарим хуульч, хуулийн фирмүүд ажлын байрны зар нийтэлдэг. Хэрэв та мэддэггүй бол яг одоо элсээрэй. Мөн “HR Club” группийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Тэнд хүний нөөцийн менежерүүд их байх ба зарим сайт, групп дээр нийтлэгдээгүй ховор, нандин зарыг оруулж харагддаг.Өөрийнхөө төлөө явах
Дээр дурдсан аргуудыг ашиглах нь та өөрийнхөө төлөө явж байгаа нэг хэлбэр мөн л дөө. Гэхдээ энэ удаад арай илүү хүчин чармайлт гаргах талаар бичих гэсэн юм. Та заавал хаа нэгэн газар ажлын байр зарлагдахыг, сул орон тоо гарахыг хүлээх шаардлагагүй. Та өөрийнхөө санаачилгаар хууль зүйн фирмүүдийн веб сайттай танилцахын хажуугаар имэйл хаягруу нь ажиллах хүсэлт, CV материалаа чөлөөтэй илгээх боломжтой. Бас дээрх зорилгоор, албан байгууллагын оффис дээр нь биеэр очиж, уулзан материалаа өгч болно. Энд мөн нийтийг хамарсан элдэв арга хэмжээнд идэвхтэй оролцож, хуульч нартай networking хийх талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Үүний талаар та дараах хаягаас олж уншаарай: https://goo.gl/ReEqmx
Ажилд орохтой холбоотой бусад нийтлэлүүд: https://goo.gl/S22se6
Comments