Америкт хуульчаар ажиллах боломжтой юу?


"АНУ-д хэрхэн хуульч болох вэ" хэмээн интернетээр хайх үед танд Америкийн хууль зүйн их, дээд сургуулиудад элсэн суралцах эсвэл Bar exam буюу Хуульчийн шалгалтыг өгөх ямар арга замууд байгаа тухай илэрцүүд харагдах болно. Гэвч өөр улсын дипломтой байхад Америкт хуульч болох боломжтой юу? Аль улсад хуулийн мэдлэгээ олж авсан, хаана түүнийгээ ашигласнаас шалтгаалж энэ нь хэцүү байх боловч боломжгүй зүйл ер биш юм. Гагцхүү зорилгодоо хүрэхэд дагах ёстой хэдэн алхмууд бий. Ингээд тус улсад хуульчаар ажиллахын тулд мөрдөх алхмуудыг нэрлэе.

Ажиллахаар төлөвлөж буй мужийнхаа хуулийг мэдэх

Америкийн хуулийн систем бусад улсуудаас ялгаатай нь муж болгон өөрийн хууль тогтоомжтой ба хуульч нартаа, тэр тусмаа гадаадад бэлтгэгдсэн хуульч нарт тавих шаардлага нь өөр өөр байдаг. Тиймээс заавал хийх ёстой зүйлсийн нэг бол очихоор зэхэж буй мужийнхаа талаар судалгаа хийх явдал юм.

Мэргэжлээ дээшлүүлэх

Гадаад хуульч нарын хамгийн ихээр зорьдог Нью Йорк мужийн хувьд Хуулийн шалгалтын зөвлөл (The New York Board of Law Examiners) нь ажиллах хүсэлтэй гадаад хуульчдыг хоёр бүлэгт хуваадаг.
  1. Мэргэжлийн үнэлэмж нь Америкийн системд хөрвөх боломжтой
  2. Америкийн системд хөрвөх боломжгүй
Хэрэв та 3 ба түүнээс дээш жил ерөнхий эрх зүйд суурилсан сургалтын програмаар сурсан бол энэ нь ихэнх тохиолдолд хөрвөх ба тус мужид баарын шалгалт өгөх боломж нээгдэж байгаа юм (Шалгалтын зөвлөлөөс зөвшөөрөл авсны дараа).

Өөр тохиолдолд, LLM програмаар сурсны дараа шалгалт өгнө. Энд тооцоо, төлөвлөгөө чухал ба шалгалт болох өдрөөс 6 сар, эсвэл жилийн өмнөөс бүх бичиг баримтаа бэлтгэх хэрэгтэй гэж зөвлөх байна.

Калифорни мужийн хувьд эрх зүйч мэргэжлээр сурсан бол нэмэлт шалгуургүйгээр шалгалт өгөх боломжтой болдог. Заасан шалгууруудыг нь биелүүлсэн тохиолдолд Нью Йоркоос илүү хялбар байдлаар шалгалт өгөх боломж нээгддэг.

Бусад мужуудын хувьд, Америкийн нийт 50 мужаас 34 мужид гадаадад бэлтгэгдсэн хуульчдыг шалгалтад орохыг зөвшөөрдөг ба эдгээрээс ганцхан Вермонт мужид гадаад дипломыг Америк дипломтой ижил төвшинд авч үздэг бөгөөд шалгалт өгөх гэж буй гадаад хуульчдад зориулсан тусгай сургалтын програм гаргадаг.

LLM програмыг дуусгаснаар Калифорни, Нью Йорк, Вашингтон болон Висконсин мужид баарын шалгалтыг өгөх бол бусад 29 мужид нэмэлтээр Английн ерөнхий эрх зүй судлал, ABA буюу Америкийн Баарын холбооноос итгэмжилсэн багц цагийн сургалтуудыг дүүргэсэн байх зэрэг олон шалгуур тавигддаг.

Муж болгоны баарын шалгалтын шалгууруудтай нь тус бүрийнх нь вебсайтаас танилцаж болно.

Шаардлагатай бол дахин сурах

Зарим мужууд түргэвчилсэн JD программ буюу манай сургалтын системээр бакалаврын зэргээ Америкийн системд дахин хамгаалахыг санал болгодог. Энэ нь хэрэв та Америкийн Баарын холбооноос итгэмжлэгдсэн их, дээд сургуульд элсэн суралцахыг хүссэн тохиолдолд тустай байх болно. Харин гадаад дипломыг хүлээн зөвшөөрдөггүй бусад муж улсуудад та эхнээс нь дахин суралцахаас өөр аргагүй. Хууль л бол хууль шүү дээ.

Баарын шалгалт өгөх

Энэ бол Америкт хуульчаар ажиллахын тулд зайлшгүй өгөх ёстой шалгалт тул хувийн багш эсвэл энэ шалгалтад бэлддэг сургалтын төвүүдэд хандах нь чухал. Яагаад гэвэл Америкийн сургалтын програм нь оюутныг сургах явцад түүнд энэ шалгалтыг давахад шаардагдах бүхий л мэдлэг, ур чадварыг суулгадаг бол гадаад хуульч нарын хувьд буюу өөр улсад сурсан хүмүүсийн хувьд эх орных нь хууль зүйн сургалтын програмын онцлог, ялгаанаас шалтгаалж энэ шалгалтыг давахад амаргүй байх нь бий. Гэхдээ амаргүй л болохоос биш боломжгүй зүйл биш шүү. Тиймээс, Америкт хуульчаар ажиллах боломжтой юу гэвэл - 100% YES!

Comments