Хуулийн оюутнуудад: Имэйл бичих талаар зөвлөмж


Дунд сургуулийн сурагч болон хууль зүйн их, дээд сургуулийн оюутан байх хоёрын хооронд маш их ялгаа бий. Та илүү бие даах хэрэгтэй болно, хөгжих хэрэгтэй болно, суралцах хэрэгтэй болно, хариуцлага үүрч эхэлнэ гээд хуулийн сургууль таныг хуучин өөрийгөө шинэ шатанд гаргаж ирэхийг шаарддаг.

Шинэ ур чадварт суралцахад, жишээ нь лекцийн товч тэмдэглэл үйлдэх, шүүхийн кэйсүүд дээр анализ хийх, эрдэм шинжилгээний ажил бичих, ишлэл зүүлтийг зүй ёсоор нь авч/хэрэглэж сурахад та тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулна. Гэхдээ бид энэ удаад энгийн, хэн бүхэн богино хугацаанд эзэмшиж болох нэгэн ур чадварын талаар мэдээлэл бэлтгэсэн нь “Хуулийн оюутан та хэрхэн мэргэжлийн харагдахуйц имэйл бичих вэ” юм.

Бидний дунд олон төрлийн нийгмийн сүлжээ өргөн хэрэглээ болсон учраас зарим оюутнууд имэйлд ач холбогдол өгөхгүй байх нь бий. Гэхдээ бизнесийн болон хуулийн салбарт имэйл харилцаа холбооны хамгийн чухал хэрэгсэл хэвээр байсаар байна. Хуулийн оюутнуудын хувьд бие даалт, ангийн ажлыг багш нарын имэйл хаягруу илгээх, төгсөх оюутнуудын хувьд CV, ажиллах хүсэлтээ хуулийн фирмүүдрүү илгээх гэх мэт хэрэгцээ шаардлага бий. Үүнтэй холбогдох дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

ГАРЧИГ ӨГӨХӨӨ МАРТАЖ БОЛОХГҮЙ
Хүнд төрүүлэх анхны сэтгэгдэл маш чухал учраас имэйлийн гарчгийг заавал өгөх, энэ тохиолдолд хүлээн авагчийн анхаарлыг татах, илгээсэн имэйлийг тань нээж унших сэдэл төрүүлэхүйц хэмжээнд өгөх хэрэгтэй. Учир нь тэд харилцагч, үйлчлүүлэгчдээсээ өдөр бүр хэдэн арван “чухалд тооцогдохуйц” имэйл хүлээн авч байгаа шүү дээ. Тиймээс, “Сайн байна уу”, “Hi”, “Хүсэлт” гэхийн оронд “Ажилд орох хүсэлт” эсвэл “Хуульчийн туслахаар ажиллах хүсэлт” гэх байдлаар гарчгийг аль болох тодорхой, ойлгомжтой байлгах тал дээр анхаараарай.

ЗААВАЛ МЭНДЧИЛ
Хувь хүнд “Эрхэм Болд танаа”, байгууллага бол “Сайн байна уу” хэмээн имэйлийн эхэнд та заавал мэндчилээрэй. Мэндчилгээгүй имэйл гэр бүл, найзуудын тань хүрээнд байж болох ч багш, сургуулийн захиргаа, бусад албан байгууллагын өмнө энэ нь мэргэжлийн бус шинжтэй харагдахыг анхаар. Мэндчилгээнд дурдагдах хувь хүн, байгууллагын нэрийг алдаагүй, зөв бичихийг танд сануулах нь илүүц биз.

ЗОРИЛГОО ИЛЭРХИЙЛ
Бичсэн имэйл тань товч бөгөөд тодорхой байх ёстой. Үндсэн зорилготой тань холбогдолгүй илүү, дутуу зүйл бичиж, нурших хэрэггүй. Орчин цагт хүмүүс ихэнх тохиолдолд гар утаснаасаа имэйл шалгадаг болсон тул хүлээн авагч эхний 1-2 өгүүлбэрийг уншаад л имэйл бичсэн шалтгааныг тань ойлговол сайн. Хэрэв зайлшгүй шалтгаанаар урт имэйл бичих тохиолдолд bullet points буюу чирээс хэрэглэвэл нүдэнд эвтэйхэн, цэвэрхэн, ойлгомжтой харагдах болно.

ТА ЯМАР ХУУЛЬЧ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА
Бусдад илгээх имэйл тань эелдэг илэрхийлэл бүхий, мөн үг, үсэг, дүрмийн алдаагүй байх ёстой. Энэ бол та нөгөө талдаа хүндэтгэл үзүүлэхийн хажуугаар, өөрийгөө хүндэтгэж буйн шинж. Та ирээдүйд хэн болохыг хүсч байна, үлгэр дууриалал авдаг хуульч, өмгөөлөгч бий юу? Тийм бол та одооноос өөртөө тэр хэмжээний өндөр стандарт тавих хэрэгтэй.

Зарим хүмүүс имэйл бичихдээ дунд нь хошин үг, өгүүлбэр хавсаргах нь бий. Хүлээн авагч тал таны царайг харахгүй, дуу хоолойг сонсохгүй тул энэ нь ихэнх тохиолдолд үл ойлголцол төрүүлдэг. Мөн уурлаж, бухимдсан үедээ имэйл илгээх гэж яарах хэрэггүй. Таны имэйл бусдад ямар өнгөөр уншигдаж байна вэ гэдгийг анхаарч үзэх нь чухал.

ИМЭЙЛД ТӨГСГӨЛ ХЭРЭГТЭЙ
Энэ тал дээр хүмүүс олон төрлийн үзэл бодолтой байдаг. Магадгүй таны нөгөө хүнтэйгээ хэр ойр дотно вэ гэдгээс, мөн хувь хүний сонголтоос хамаарах байх. Гэхдээ албаны харилцаанд “Хүндэтгэсэн,” гэсэн үгийг их хэрэглэдэг. Төгсгөлд нь та өөрийн гарын үсэг болон холбоо барих хаягийг тусгахаа мартаж болохгүй.

ИЛГЭЭХЭЭС ӨМНӨ ШАЛГА
Бид болгоомжгүй зөөгч, болгоомжгүй шүдний эмчээс хол байхыг хүсдэгтэй адил та өөрөө болгоомжгүй хуулийн оюутан, хуульч байж болохгүй. Илгээх гэж буй имэйлээ өмнө нь сайтар уншиж, шалгаж байгаарай.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛ
Gmail үйлчилгээ таны буруу илгээсэн имэйлийг богино хугацааны дотор буцаах undo send боломжийг өөртөө агуулдаг. Ийм зүйлд найдах хэрэггүй ч мэдээд авчихсан байхад илүүдэхгүй болов уу.

Имэйл зөв бичих дадалд суралцахад харьцангуй богино хугацаа зарцуулах ч гэлээ танаас практик хэрэглээг тодорхой хэмжээнд шаардана. Амжилт хүсье!

Эх сурвалж: Law School Toolbox

Comments