Та сайн хуульч болохын тулд бүхнийг мэддэг байх албагүй


Залуу хуульч, эрх зүйч хүмүүс анх удаа ажлын талбарт гарах үеэр тодорхой хэмжээний айдастай тулгардаг. Айдастай байх нь надад болон миний үйлчлүүлэгчид ашигтай байхгүй нь тодорхой. Ийм үед бид чухам юу хийх хэрэгтэй вэ? Энэхүү асуултын хариуг та дараах зөвлөмжөөс аваарай.

Гүнзгий амьсгаа ав

Ахлах хуульч танд ажил гүйцэтгэх тухай үүрэг өгөв. Гол асуудал нь, та түүний ярьсан, хэлсэн зүйлийг сайн ойлгоогүйн дээр тухайн асуудалтай холбогдох ямар материалыг, хаанаас, хэрхэн олж цуглуулах талаар мэдээлэл, мэдлэггүй байв.

Энэ тохиолдолд ихэнх хүмүүс дотроо сандарч, тэвдэх байх. Гэхдээ тэгэх хэрэггүй. Харин тайван байхыг хичээж, хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа аваарай.

Хэдэн жилийн өмнө та юу ч мэдэхгүй хүн хуулийн сургуульд орсон. Гэтэл үзэх ёстой мэргэжлийн хичээлүүд болон дадлагын ажлыг амжилттай дүүргэж, мэддэггүй байсан бүхнээ даван гарч ирж чадсан. Тиймээс, ямар ч зүйлд суралцахад эхлээд тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй байдгийг санаарай.

Тусламж гуй

Зарим үед ахлах хуульч нар анзааргагүй байх нь бий. Ухаандаа, тэдэнд таны туршлага ямар байх нь хамаагүй, зүгээр л “Хэрэгтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүл” хэмээн тушаана. Хэрэв танай байгууллага багаар ажилладаггүй бол тэр бүхнийг та өөрөө л олж мэдэх хэрэгтэй болно. Гэхдээ нэг зам байгаа нь “таны мэдэхгүйг мэддэг, бусдад туслах эрмэлзэлтэй” хэн нэгнийг олох явдал. Ийм хүн оффист ядаж нэг байх ёстой. Тэр магадгүй олон жил ажилласан захирлын нарийн бичиг эсвэл өөр нэг хуульчийн туслах байж болно. Та өөрийгөө эвгүй байдалд оруулна хэмээн бусдаас санаа зовох хэрэггүй. Мэдээж хэрэг, бусдаас тусламж эрэх харилцааг хэтрүүлж болохгүй. Та өөрийн хариуцсан ажлаа голлон өөрөө нугалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та зөвхөн шаардлагатай үед мэддэг хүнээр мэдэхгүй зүйлийнхээ ерөнхий зүг чигийг тодорхойлуулах нь та өөрийнхөө цаг хугацаа, эрч хүчийг дэмий үрэхээс сэргийлэх болно.

Та хэрэгцээгүй хүн биш, ердөө шинэ хүн

Хуулийн сургуулиа амжилттай дүүргээд, мэргэжлийнхээ дагуу ажлын байртай болчихсон байгаа таныг яав ч хэрэгцээгүй нэгэн гэж үзэхгүй. Өөрийгөө бүү гол. Жишээ нь би тавилга угсрах хоббитой. Тавилга угсрах нь амархан ажил биш шүү дээ. Нэн ялангуяа шинэ тавилгыг хүн өөрийн туршиж байгаагүй шинэ арга, хэрэгслийг ашиглан угсарч, босгоход ихээхэн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Шууд үр дүнд бид тэр бүр эхний оролдлогоор хүрэхгүй. Үүнтэй адил, таны эхний удаа гүйцэтгэж буй гэрээ боловсруулах, албан бичиг бичих, үйлчлүүлэгчтэй уулзах гэх мэт ажлын туршлага тань явцын дунд хэн нэгнээс заавар, зөвлөгөө авах, мөн тэдгээр үйл явдал дахин давтагдах бүрд улам илүү чанаржиж, сайжирч байдаг.

Бүү сандар

Айж, сандрах хэрэг ер байхгүй. Эхлээд гүнзгий амьсгаа ав, тайван бодож, эргэцүүл, шаардлагатай тохиолдолд тусламж эр, суусан газраасаа аль болох их шороо атга буюу туршлага хуримтлуул, ингээд л болоо. Таны шинэ ажилд амжилт хүсье!

Эх сурвалж: Tips for Lawyers