Хууль зүйн фирмүүд ажилчиддаа ямар шаардлага тавьдаг вэ?


Удахгүй төгсөлтийн баяр болох гэж байна. Оюутнуудын маань ихэнх нь энэхүү баярын дараагаар ажлын байр хайж эхлэх болов уу.

Гэхдээ та ажлын байр надад олдох болов уу хэмээн санаагаа зовох хэрэггүй. Гол асуудал бол та ажил олгогч/хуулийн фирмүүдийн тавьсан шаардлагад нийцэх хүн мөн үү гэдэг байна.

Эндээс урган гарах асуулт нь, “Хуулийн фирмүүд ажилтан сонгон шалгаруулахдаа чухам ямар мэдлэг, ур чадвар, зан байдлыг хослуулсан хүнийг сонгох магадлалтай вэ?” юм. Энэхүү асуултыг бид Монгол улсад өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн хууль зүйн фирмүүдэд тавьсан болно. Ингээд тэдний ирүүлсэн мэдээлэлтэй танилцана уу.

Мэдээлэл өгч, хамтран ажилласан байгууллагуудад бүгдэд нь баярлалаа. Нэрсийг үсгийн дарааллаар байрлуулав.

Өмгөөллийн АШИД АДВОКАТС ХХН-ийн Гүйцэтгэх захирал Ш.Цолмон:
  1. Мэдээж аливаа байгууллага болгон өөр өөрсдийн гэсэн уур амьсгал, соёлтой. Шинээр ажилд орж буй ажилтан тухайн байгууллагынхаа уур амьсгал, соёлыг богино хугацаанд ойлгон мэдэрч, түүнд дасан зохицдог байвал зохилтой.
  2. Аливаа байгууллага зөвхөн ганц хүнээс бүрдэхгүй. Шинээр ажилд орж буй хүн бусадтай хамтран ажиллаж чаддаг, бусдыгаа хүндэтгэдэг байх нь чухал.
  3. “Чадвартай атал зүтгэлгүй хүн ажилд авснаас зүтгэлтэй хүнийг аваад, чадварыг эзэмшүүл” гэсэн үг байдаг. Иймд ажлыг сэтгэлээсээ хийдэг, ажлын төлөө зүтгэж чаддаг хүн үнэ цэнэтэй.
  4. Өөрийн гэсэн зорилготой, түүнийхээ төлөө тууштай байх нь хамгийн чухал. Нэн ялангуяа ажил мэргэжилдээ тууштай, цаашдын ирээдүйн төлөвлөгөөтэй ажиллах нь чухал юм.
Өмгөөллийн И ЭЛ СИ ХХН-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяр:

Манайд ажилд сэтгэлээсээ ханддаг хүн хэрэгтэй байдаг. Харамсалтай нь ажилд сэтгэлээсээ хандах гэдэг аль ч сургуульд олгодоггүй, заадаггүй боловсрол бөгөөд угаасаа төрөлхийн зан чанар юм билээ.

Бас нэг харамсах зүйл бол хуулийн сургуулиудад ажил дээр гараад шууд ажиллах мэдлэг олгодоггүй явдал юм. Ажилд сэтгэлээсээ ханддаг хүн л ажлаа хийж байхдаа бие даан эдгээр мэдлэг, ур чадварт суралцдаг.

Ажилд сэтгэлээсээ ханддаггүй хүнд Үйлчлүүлэгч "хөндлөнгийн", "өөрт нь хамаагүй хүн шиг" харагдаж, түүний төлөө хамгийн бага хүчин чармайлт гаргадаг, өмнө нь тавигдсан зорилтыг аргалаад өнгөрөхийг хичээдэг.

Ажилд сэтгэлээсээ ханддаг хүнд Үйлчлүүлэгч бол өөрийнх нь хамтран зүтгэгч бөгөөд түүний бүхий л асуудал өөрийнх нь асуудал байж, өглөө сэрэхдээ "Үйлчлүүлэгчийн асуудлыг шийдэхэд өнөөдөр би юу хийх вэ" хэмээн боддог, мөн шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг гаргаж, зорилгодоо хүрэхийн төлөө хичээдэг.

Өмгөөллийн ҮЛЭМЖ ПАРТНЕРС ХХН-ийн Гүйцэтгэх захирал С.Үлэмж:

Манай байгууллагын хувьд шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа өөрийнх нь хүсэл, мөн хуульч болох болсон шалтгааныг илүү хардаг.

Диплом дээр байдаг дүн чухал биш. Улаан дипломтой, голч оноо өндөртэй байлаа гэдэг нь өөрөө өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхэд хамгийн сайн гэсэн үг бас биш. Өмгөөллийн үйл ажиллагаа, хууль зүйн зөвлөх үйл ажиллагаа гэдэг нь хувь хүний зан чанар, сэтгэлээс их хамаардаг тул ихэвчлэн ажилдаа хэрхэн хандаж байгаагаас нь хамаарч ажилд авах шаардлагаа болгодог.

Мэргэжилдээ дуртай буюу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх чин хүсэл эрмэлзэлтэй бол хичээлдээ муу байсан ч гэсэн ажиллах явцдаа бусдаас суралцах боломжтой гэж үздэг тул хувь хүний зан чанарыг л илүү хардаг.

Мөн хэлний мэдлэгийг заавал харах ёстой. Учир нь хүн хөгжихийн тулд ямар нэгэн гадаад хэлийг сайн мэддэг байх шаардлага тулгардаг. Үндсэн эх сурвалжаас мэдээлэл хүлээн авдаг байх нь сүүлийн үед маш чухлаар тавигдаж байгаа тул гадаад хэлээр тодорхой хэмжээнд ярьдаг, ойлгодог байх шаардлагыг тавьдаг.

Өмгөөллийн ЦЭЦ ХХН-ийн Гүйцэтгэх захирал Г.Бахдал:

Манай нөхөрлөлийн хувьд:
  1. Англи хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагатай.
  2. Сэтгэн бодох чадвар буюу IQ-г чухалчилна.
  3. Мэргэжлийн суурь мэдлэг хангалттай байх ёстой. Гэхдээ энэ бол шинэ төгсөгчийн хувьд явцын дунд сурах ажил.
Хамгийн гол нь суралцах чадвар, хичээл зүтгэл сайтай байх ёстой. Гаргасан алдаагаа дахин давтахыг хүлцэхгүй. Төгсөгчдөөс ажлын байранд шалгаруулахдаа ярилцлага, сэтгэхүйн тест авах аргуудыг хэрэглэдэг.

Дээрх хариултуудаас таныг ажил олгогч ямар хүнийг ажилд авах сонирхолтой байдаг талаар мэдээлэл олж авч чадсан хэмээн найдаж байна. Амжилт хүсье!

Ажилд орохтой холбоотой бидний бэлтгэсэн зарим мэдээллийг та дараах хаягаар орж харах боломжтой: https://goo.gl/mknAV1

Comments