Хуулийн оюутнууд кейс дээр ажиллахдаа гаргадаг 7 алдаа


Хуулийн хэрэг, кейс дээр ажиллаж чадахгүй байна уу? Эсвэл бодсон ч буруу хариу гаргаад байна уу? Тэгвэл таны бодох аргачлал буруу байж болох юм. Кейс дээр ажиллахдаа анхаарвал зохих 7 зүйлсийг доор дурьдлаа.
  1. Кейсээ уншиж байгаадаа итгэлтэй байна уу? Байж боломгүй сонсогдож магадгүй ч, сатаарсан байгаа юм биш биз? Бодлогоо сайтар ойлгохын тулд анхаарлаа төвлөрүүлэн уншаарай. Кейсийг алгасч унших нь ч бас түүнийг шийдэхэд туслахгүй л болов уу. Хуулийн хэргийг шийдвэрлэхэд жижиг деталиуд ч үүрэг гүйцэтгэх үе байдаг учраас бүрэн судалж танилцах хэрэгтэй.
  2. Дарааллыг зөв олох. Болсон үйл явдлын дарааллыг дугаарлаж заагаагүй байсан ч өөрөө олж тогтоох нь гаргасан шийдвэрийн үндэслэлийг ойлгоход тусална. Учир шалтгаан ба түүнээс үүдэх үр дагаврын хооронд ямар холбоос байгааг анзаараарай. Хэрвээ абстракт төсөөлөл муутай бол үйл явдлуудыг тус тусад нь бичин, зураасаар хооронд нь холбох нь бага ангийн сурагчдын арга барил боловч тус болох өндөр магадлалтай. Хүн бүрийн юмыг ойлгох, сурах арга барил нь өөр өөр байдгаас хойш өөртөө тохирсон аргаа хэрэглэх нь танд л ашигтай шүү дээ.
  3. Сая юу байлаа? Нөгөө л учир шалтгаан, холбоосын талаар юм. Кейс дээр нэг зүйл нөгөөгөөсөө угтаж гардаг учраас ямар шийдвэрт хүрэхийг уншиж байхдаа сая юу байлаа, үүнээс үүдэн юу билээ гэдгийг олоорой.
  4. Шийдвэрийн үр дагавар нь... Уг шийдвэрээс ямар үр дагавар гарч байгааг бодох нь бас кейсийг шийдвэрлэх нэг хэсэг. Оюутнууд ихэвчлэн шийдвэрээс цаадахыг хардаггүй нь хичээлийг "амьдралаас холдуулж" байдаг гол шалтгаан болдог. Энэ шийдвэрийн цаана ямар эдийн засгийн өөрчлөлт, нийгэмд үзүүлэх нөлөө байгааг мөн хэрэгт холбогдсон этгээдүүдийн хувь заяа хэрхэн өөрчлөгдөхийг олж харахыг хичээ.
  5. Эсрэг талын харах өнцөгийг үл тооцох. Зөрчилдөж буй тал байхгүй ч эсрэгцэл байж л таарна. Таны гаргасан шийдвэрийг няцааж чадах зүйл юу байж болохыг хайж олоорой. Бүх хариулт нүдний тань өмнө дэлгээстэй байгааг санаарай.
  6. Одоо өөрийн талынхаа... Хамгийн сонирхолтой нь эсрэг талын өнцөгийг олноор нь харж чаддаг ч өөрийн саналтай нэгдсэнүүдийг олж чаддаггүй нь түгээмэл. Зөв гэж мэдрэгдэж байгаа ч нотолж, бүрэн тайлбарлахаас нааш өөрийн шийдвэрээ гүйцэд гэж бодож болохгүй. Хуульч хүн мэдрэмж дээр бус нотолгоо дээр тулгуурлан ажилладагийг кейсүүдээр дамжуулан ойлгуулдаг билээ.
  7. Хэрэггүй хэсгүүдийг ялгаж чадахгүй байх. Шийдвэрт ямар ч нөлөө үзүүлэхгүй фактууд дунд төөрөх. Яг алинаас нь шийдвэр өөрчлөгдөж байгааг олж чаддаггүйд оюутнуудын алдаа оршдог. Өөрийн гол гэж бодсон фактаа солиход шийдвэр даган солигдож байвал та зөвийг нь олжээ гэсэн үг.

Comments