Магадгүй энэ улсад суралцах талаар бодож үзээгүй хүн үгүй байх. Гагцхүү энд л дэлхийн хамгийн шилдэг их дээд сургуулиуд байдаг болохоор тэр биз. Ivy League-н бүх сургуулиуд шилдэгт багтаж байгаа гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Дээд боловсрол олгодог сургуулиудын талаар мэдээлэл хүргэдэг, тэднийг жагсаадаг Times Higher Education сайтаас авсан 2018 оны шинэ үнэлгээн дээр тулгуурлан Америкийн нэгдсэн улсад ямар хуулийн сургуулиуд шилдэгтээ тооцогддог болохыг нэрлэе.
Стэнфордын их сургууль (Stanford University)
SLS буюу Stanford Law School нь 125 жилийн түүхтэй бөгөөд 1992 оноос хойш одоог хүртэл АНУ-н шилдэг 3 хуулийн сургуульд ямагт багтсаар ирсэн сургууль юм. Энэ сургуулийг төгсөгчдийн 90-97% нь баарын шалгалтыг эхний оролдлогоор амжилттай өгдөг болох нь сүүлийн жилүүдийн статистикаар батлагдсан нь та бид өөрсдийгөө зурагт үзүүлсэн энэ гол хаалганы урд төсөөлөх олон шалтгаануудын нэг. Түүнчлэн төгссөний дараах оюутны зээлийн дарамт энэ чиглэлийн сургуулиуд дундаа хамгийн багад тооцогддог байна.
Харвардын их сургууль (Harvard University)
Америкийн хуулийн сургуулиуд дунд хамгийн урт хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа Harvard Law School нь оюутнуудын тоогоор бусад сургуулиудаас ихдээ ордог байна. Яагаад гэвэл энэ сургуулиас тэнцсэн хариу авсан оюутнуудын гуравны хоёр нь энэ сургуулийг эргэлт буцалтгүйгээр сонгодог учраас тэр байх. Магадгүй оюутнуудын Харвардыг сонгох шалтгаануудын нэг нь академик үзүүлэлт сайтай ч сургалтын төлбөр төлөх чадваргүй оюутнуудад олгодог төлбөрийн хөнгөвчлөл. Улсаас мөнгө харж суудаггүй сургуулиудын ганц давуу тал юм даа.
Чикагогийн их сургууль (University of Chicago)
Иллиноис мужийн Чикаго хотод байрлах зуу гаруй жилийн түүхтэй University of Chicago Law School нь хуулийн эдийн засгийн дүгнэлт гаргахад хамгийн их нөлөө үзүүлдэгээрээ алдартай юм. Харвардыг бодвол оюутны тоо 3 дахин бага тул нэг багшид ноогдох оюутны тоо энэ хэмжээгээрээ бага учраас сургалтын чанарт сайнаар нөлөөлдөг байж магадгүй. Улсынхаа дээд шүүхийн ажилтнуудын 25%-г хангадаг байна.
Пеннсилваниагийн их сургууль (University of Pennsylvania)
Оюутнуудыг хооронд нь өрсөлдүүлж чаддаг University of Pennsylvania Law School буюу Penn Law нь Америкт эхний аравт заавал багтдаг хуулийн сургууль юм. Энэ сургуулийн гол онцлог нь оюутнуудад багаар ажиллах чадварыг нэн түрүүнд тавьдагт оршдог. Мөн түүнчлэн суралцагчдын гуравны нэгийг өнгөт арьстай оюутнууд эзэлдэг нь тус сургууль олон төрлийн хүмүүсийг нэг дор цуглуулах сонирхолтойг харуулж байгаа юм. Тиймээс бидэнд ч бас ихээхэн боломж бий.
Йэлийн их сургууль (Yale University)
Yale Law School нь харьцангуй жижиг боловч сургалт сайтайгаараа алдартай. Төгссөнийхөө дараа хуулийг үргэлжлүүлэн судалдаг оюутны хувиараа бусад сургуулиудыг тэргүүлдэг нь өөр сургуулиудад тэр бүр анзаараагдаад байхгүй, оюутанд хэрхэн мэргэжлийн сонирхолыг суулгадаг болох нь харагдана. Түүнчлэн төгсөгчдийн талаар дахин нэг онцлох зүйл нь тэдний ихэнх нь төгссөний дараа улсын байгууллагад тууштайгаар олон жил ажилладаг явдал юм.
Колумбын их сургууль (Columbia University)
Columbia Law School нь корпорацийн эрх зүйгээрээ тэргүүлдэг. Колумбын их сургууль нь харьцуулсан эрх зүйн судлал болон олон улсын эрх зүйн төвүүдийг байгуулсан анхдагч сургуулиудын нэгд ордог. Энэ сургуулийн бас нэг бахархал нь Arthur W. Diamond-н нэрэмжит улсдаа хоёрт орох 1 сая гаруй боть ном агуулах хуулийн номын сан нь юм. Тэртээ үүссэн 19-р зуунаас эхлэн оюутнуудад олгодог тэтгэлгээрээ элсэгч нарын орохыг хүсдэг сургуулийн дээгүүрт бичигдэх болжээ.
Америк бол үнэхээр боломжоор дүүрэн орон юм. Хэрвээ хичээл зүтгэлийг өөрөөсөө шавхаж чадах юм бол түүнийг чинь урамшуулахад үргэлж бэлэн байдаг, бодсоноос чинь ойрхон мөрөөдөл бус БОДИТ БАЙДАЛ юм шүү!