Монголд эрх зүйн чиглэлээр тэргүүлдэг сургуулиудыг хуулийн оюутнууд ч гэлтгүй бүгд мэдэх биз ээ. Тэгвэл дэлхийн хэмжээнд ямар их сургуулиуд хамгийн сайнаар тодордог болохыг орон орноор ийнхүү цуврал болгон хүргэхээр шийдлээ.
Хамгийн түрүүнд манай улстай ойр дотно харилцаагаа өнөөг хүртэл зуу гаруй жил хадгалж яваа Оросын Холбооны Улсын их сургуулиудыг танилцуулъя.
Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль
Улсдаа хамгийн шилдэгт нь зүй ёсоор тооцогддог 250 жилийн түүхтэй сургууль. Бүхий л салбартаа тэргүүлж чаддаг учраас эрх зүйн чиглэлээр ч мөн улсынхаа хамгийн чадварлаг хуульч, өмгөөлөгч, шүүгч, доктор, профессоруудыг бэлтгэдэг дэлхийн хэмжээний их сургууль бөгөөд улсыг удирдах албан тушаалтнууд эндээс л "төрдөг" юм.
Санкт-Петербургийн Улсын Их Сургууль
Мөн л 200 гаруй жилийн түүхтэй уг сургууль нь хуулийн тэнхмээсээ улсынхаа хоёр тэргүүнийг гаргаснаараа алдартай. Тухайлбал, ОХУ-н ерөнхийлөгч В.В. Путин болон ерөнхий сайд Д.А. Медведев нар эрх зүйч мэргэжлээр энэ сургуулийг төгсөж байсан юм. Улсыг удирдах хүмүүсийг бэлддэг гэхээр ямар түвшиний сургууль вэ гэдгийг хэлэх нь илүүц биз. Түүнчлэн хотын гайхалтай орчныг нь дурьдахгүй байхын аргагүй, нийслэлийн буцалсан амьдралыг бодвол тайван амгалан.
Санхүү эдийн засгийн Дээд Сургууль
Өмнөх сургуулиудыг бодвол 20 гаруйхан жилийн түүхтэй боловч шилдэгүүдэд багтаж чаддаг шинийг эрэлхийлэгч сургууль. Харьяа салбар сургуулиудаа хэд хэдэн хотод нээгээд байгаа энэ сургуулийн нэг давуу тал нь олимпиад, уралдаанаар шилдэг оюутнуудыг шалгаруулан сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх гэх мэтийн тусламж олгодог нь шилдэг оюутнуудыг татах гол арга нь юм. Сургалтын хувьд хууль болон санхүү, эдийн засгийн чиглэлээ урдаа барьдаг тул эрх зүйч мэргэжлээр тус улсад суралцах гэж байгаа бол жагсаалтандаа заавал оруулаарай.
Кутафины нэрэмжит Москвагийн Хууль Зүйн Их Сургууль
Голчлон эрх зүйч мэргэжлээр оюутнуудыг бэлддэг бөгөөд институтээс их сургууль хүртэл өргөжиж чадсан ерэн жилийн түүхтэй сургууль юм. Хууль боловсруулах, шинэчлэн найруулахад чухал байр суурь эзэлдэг их сургууль.
Томскийн Улсын Их Сургууль
Сибирийн хэмжээнд эрх зүйн чиглэлээр хамгийн сайндаа тооцогддог уг их сургууль нь Москва, Санкт-Петербург гэх хотуудыг бодвол байгальтай ойр, анир чимээгүй бөгөөд манай улстай ойр учраас давуу тал нь байж болох юм. Ихэнх сибирийн хотуудын эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, шүүгч нарыг энэ л сургууль бэлддэг гэхэд хилсдэхгүй биз ээ. Томскийн Улсын Их Сургуулийн бас нэг бахархал нь 4 сая гаруй ховор номны цуглуулгатай номын сан нь юм.
Новосибирскийн Их Сургууль
Сибирийн нийслэл гэгдэх Новосибирск хотод байрлах энэ сургуулийн давуу тал нь суралцахад таатай орчин ба боломжийн сургалтын төлбөр. Хотоосоо зайдуу Академгородок гэх оюутны хотхонд байрладаг нь хичээлдээ л анхаарал хандуулах боломж олгодогоос гадна зорилго нэгтэй хүмүүстэй нэг дор цуглах тохирлыг гаргаж өгдөг. Хууль эрх зүйн тэнхим нь нээгдээд удаагүй байгаа ч богино хугацаанд бусад шилдэг сургуулиудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадсан нь энэ сургуулийн амжилт юм.