Зан төлөв
Эмч хүн хүний амь настай холбоотой ажил мэргэжил эрхэлдэг бол хуульч нь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой ажил мэргэжил эрхэлдгээр нийгэмд эзлэх үнэ цэнийн хувьд хоёул чухалд тооцогддог. Энэ хоёр ажил мэргэжил нь хүний амь нас, эрх, эрх чөлөөтэй холбоотой чухал ажил мэргэжил учир гаргасан шийдвэр нь маш чухал үр дагаврыг өөртөө агуулж байдаг. Өөрөөр хэлбэл, хуульчийн буруу гаргасан шийдвэрийн улмаас иргэний эрх, эрх чөлөө хязгаарлагдах, зөрчигдөх аюултай байдаг учир хуульчид өндөр хариуцлага ногдож, тэр хэмжээгээр нийгэмд эзлэх үнэ цэнэ нь тогтоогдож байдаг. Иймээс хуульч хүн хамгийн түрүүнд шударга байх, хүнлэг энэрэнгүй зан төлөвийг өөртөө бий болгосон байх хэрэгтэй. Учир нь хуульч нь нийгмийн эмч болохын хувьд нийгэмд гарч байгаа аливаа өвчнийг хуулийн үндсэн дээр засаж сайжруулж, нийгэмд шударга ёсыг тогтоож, сахиулж байдаг. Эндээс үзвэл хуульч хуулийн үндсэн дээр шударга байхыг бусдаас шаарддаг болохын хувьд өөрөө ч шударга байх хэрэгтэй юм.Хүнлэг энэрэнгүй байх зан төлөв нь хуульч хүнд заавал байх хоёрдох зан төлөв юм. Учир нь хуульчийн гарт хууль гэдэг бусдыг албадах, захирах хүч байдаг бөгөөд тэрхүү хүчийг буруугаар ашиглаж бусдад хүнлэг бус хандаж болохгүй юм. Гэхдээ хүнлэг энэрэнгүй байх гэдгийг ямар хүрээнд авч үзэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хуульч хуулийн хүрээнд хүнлэг энэрэнгүй байх уу, эсхүл хуулиас давсан хүнлэг энэрэнгүй байх уу гэдэг нь асуудалтай. Миний бодлоор нэг зарчмыг нөгөө зарчимд захируулах замаар авч үзэх нь зүйтэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хүнлэг энэрэнгүй байх зан чанарыг хууль дээдлэх зарчимд захируулан ойлгох нь зүйтэй байх. Тиймээс хуульч хүн хуулийн хүрээнд бусдад хүнлэг энэрэнгүй байх ёстой юм. Гэхдээ энэ нь мөн дутагдалтай талтай гэж үзэж болох юм. Учир нь үүнийг эсрэгээр тайлбарлавал хуулийн хүрээнд биш бол хүнлэг энэрэнгүй бус байж болох юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Үүний хариулт болгож миний бодлоор төрд ажиллаж байгаа аливаа хуульч нь төрийн албан хаагч болохын хувьд хууль зөвшөөрснөөс бусдыг хийж болохгүй гэх зарчим үйлчлэх учир энэ зарчмаар ч мөн хязгаарлах боломжтой юм. Тиймээс хуульч нь хууль гэдэг бусдыг захирах хүчийг атгаж байдгийн хувьд хуулийн хүрээнд хүнлэг энэрэнгүй байх ёстой.
Дээрх хоёр зан төлөвөөс гадна тэсвэр хатуужилтай байх, бүтээлч, гярхай, болгоомжтой, уян хатан гэх мэт зан төлөвийг нэрлэж болно.
Сэтгэцийн үйл явц буюу танин мэдэхүйн шинж
Сэтгэцийн үйл явц буюу танин мэдэх шинжийн хувьд хуульч хүн эхний ээлжид ой тогтоолт сайтай, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг ч эзэмшсэн байх ёстой. Энэ нь үндсэндээ хуульчийн эрхэлдэг ажил мэргэжилтэй шууд холбоотой. Хуульч хүн толгойгоо ашиглаж хоолоо олдог болохын хувьд бусад биеийн хүчний ажил эрхэлдэг ажилчдаас ялгагдана. Үүнээс гадна хуульч их хэмжээний материал уншиж ашиглаж байдаг бөгөөд байнга оюуны дасгал хийх шаардлагтай байдаг. Үүний нэг жишээ нь ном унших юм. Ном унших нь оюуны дасгал болохоос гадна анхаарал төвлөрөх чадвар ч нэмэгдэж байдаг. Мэдээж хүн болгоны сонирхол харилцан адилгүй учир төрөл бүрийн чиглэлийн ном унших нь тодорхой. Гэхдээ хуульч хүний хувьд зөвхөн хуулийн чиглэлийн ном уншсан байх нь хангалтгүй юм. Учир нь хуулийн харилцаа төрөл бүрийн салбар чиглэлд үүсэхээс гадна өргөн мэдлэгтэй байж нийгмийн харилцааг шийдэх, нийгмийн төрөл бүрийн гишүүдтэй уулзаж, ярилцах шаардлага гардаг юм. Иймээс хуульч хүн эхний ээлжид ой тогтоолт сайтай, анхаарал төвлөрөх чадвартай байх хэрэгтэй.Сэтгэлийн хөдөлгөөн хуульчийн мэргэжилд хэрхэн нөлөөлөх вэ?
Хуульч хүний хувьд энэхүү сэтгэл хөдлөлийн асуудал маш чухалд тавигддаг. Учир нь хуульч хүн асуудалд сэтгэл хөдлөлийн байдлаар бус хуулийн үндсэн дээр хандахыг шаарддаг бөгөөд үүний улмаас хуульч хүмүүсийг сэтгэл хөдлөлгүй дүнсгэр амьтад ч гэж хэлэх тохиолдол байдаг. Гэхдээ бүх хуульчийг хэлж байгаа биш бөгөөд шүүгч, прокурор гэх мэт хувь хүний эрх чөлөөг хязгаарлах эрх мэдлийг атгаж байдаг хүмүүсийг хэлэх нь олонтой байдаг. Энэ нь магадгүй хэрэгт холбогдсон этгээд хэдий өрөвдөлтэй, хэцүү байлаа ч гэсэн тэр хүний сэтгэл зүй болон нийгмийн сэтгэлзүйгээр асуудалд хандах бус хуулийн нүдээр асуудалд хандах хэрэгтэй болдогтой холбоотой байж болох юм.Миний бодлоор хуульч хүн сэтгэл хөдлөлөө нууж чаддаг байх нь зөв гэж боддог. Учир нь дээр хэлсэнчлэн сэтгэл хөдлөлөөр асуудалд хандах бус хуулийн дагуу асуудалд хандах хэрэгтэй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө нууна гээд бүх амьдралдаа өөрийн сэтгэл хөдлөлийг нууж амьдарвал тэр нь магадгүй дээр хэлсэнчлэн сэтгэл хөдлөлгүй дүнсгэр амьтан болох байх. Тиймээс дараагийн нэг чанар болох сэтгэл хөдлөлөө хаана гаргах, эс гаргахыг мэддэг байх нь чухал юм.
Хуульч мэргэжилтний хувьд зохион байгуулалт, удирдлагын чанарууд
Хуульч хүн зохион байгуулалт сайтай байх нь зайлшгүй юм. Учир нь түүний ажил мэргэжилтэй шууд холбоотой. Хуульч хүн ажилдаа цаг баримталдаггүй, ажлаа зөв зохион байгуулж чадахгүй бол түүний улмаас хэн нэгний эрх, эрх чөлөө зөрчигдөх хязгаарлагдах аюултай. Иймээс хуульч цагаа зөв зохион байгуулж, баримталдаг байх ёстой. Цаг нь бүх хүнд ижил оногддог бөгөөд тэр цаг хугацааг хэн илүү үр өгөөжтэй ашиглана, түүнд илүү боломж олдож байдаг. Жишээ нь өмгөөлөгч болсон хүн цагаа зөв зохион байгуулж хэргээ сайн судлаагүйгээс, заргаа алдах тохиолдол зөндөө л гардаг. Үүнд хэн буруутай вэ гэвэл өмгөөлөгч өөрөө юм. Магадгүй түүнээс хамаараагүй нөхцөл байдал үүссэнийг үгүйсгэхгүй. Гэхдээ цаг хугацаа бүгдэд адил тэгш боломж олгодог билээ. Үүнээс гадна хувцаслалт ч гэсэн зохион байгуулалттай холбоотой. Хүнийг ухаанаар угтаж хувцсаар нь үддэг гэсэн ардын үг байдаг боловч өнөөгийн нийгэмд энэ ойлголт эсрэгээр үйлчилж байх шиг байна. Магадгүй өнөөгийн нийгмээс өмнө ч эсрэгээр үйлчилж байсан ч юм бил үү. Тухайлбал уран зохиолын Анна Каренина номонд ихэвчлэн тухайн хүний гадаад төрх, биеэ авч яваа байдлыг ажиглан түүний дотор ямар хүн байгааг төсөөлөхийг оролддог. Гэтэл Инээмтгий хүн номд хараагүй байгаа хүн л түүний гадаад төрхийг биш дотоод хүнийг түрүүлж хардаг билээ. Магадгүй бүх хүн хараагүй үед дээр бичсэн ардын үг бодитоор биелэлээ олох биз ээ. Тиймээс хуульч хүний хувьд хувцаслалт өөрийнх нь тухай тал хувийн мэдээллийг бусдад дамжуулах учир эхнээсээ бусдад буруу ойлголт төрүүлснээр түүний яриа үнэмшилгүй болох асуудал үүснэ.Түүнчлэн хуульч хүн удирдах, шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Энэ нь түүний эрхэлж байгаа ажилтай мөн холбоотой. Учир нь хуульч хүн ажил мэргэжлийн хувьд ихэнх харилцаанд удирдах чиглэлтэй оролцохоос гадна асуудалд богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай байдаг.
Эндээс дүгнээд үзвэл хуульч мэргэжлийн үнэ цэнийг үүрч яваа хүмүүс маань зан төлөв, сэтгэцийн үйл явц, сэтгэлийн хөдөлгөөн, зохион байгуулалт, удирдлагын чадварын талаар дээр дурдсан хэсэгхэн шинжүүдийг өөртөө бий болговол гайхалтай хуульчид болно гэдэгт би итгэж байна.