Энэ удаа уншигч та бүхэндээ "Хүүхдийн дээд ашиг сонирхол" ойлголтын тухай товч мэдээллийг хүргэж байна.
Монгол улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэгдэн орсон үеэс[1] Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, 10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж тус тус заасны дагуу Монгол улс уг гэрээнд заасан үүргийг заавал, шударгаар биелүүлэх үүрэг хүлээсэн байдаг билээ.
Хүүхдийн эрхийн тухай конвенцид хэрхэн тусгасныг авч үзвэл:
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлд “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд нэн тэргүүнд хүүхдийн дээд ашиг сонирхолыг хангахад анхаарлаа хандуулна”, 4 дүгээр зүйлд “Оролцогч улсууд энэхүү конвенцид хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоох, захиргааны болон бусад бүх арга хэмжээг авна”, 18 дугаар зүйлд “Оролцогч улсууд хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх, нийтийн болон тэгш хариуцлага хүлээх зарчимыг хүлээн зөвшөөрч, энэ талаар боломжийнхоо хэрээр хүчин чармайлт тавина. Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг, эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ. Хүүхдийн дээд ашиг сонирхол нь тэдний анхаарал чиглэх гол зүйл мөн”, [2]гэж тус тус зааснаар оролцогч улсуудад дээрх заалтыг гэр бүл, хууль тогтоомж, шүүх, захиргааны байгууллагын хүрээнд хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Хүүхдийн дээд ашиг сонирхолыг нэн тэргүүнд анхаарах зарчимын үндсэн агуулга
Хүүхдийн эрхийн тухай конвенцид оролцогч улсууд хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж, үндэснийхээ хүрээнд хүүхдийн эрхийг хэрхэн хангаж байгааг хэлэлцэж, санал дүгнэлт гарган, зөвлөгөө өгөх үүргийг Хүүхдийн Эрхийн асуудал эрхэлсэн хороо хариуцдаг[3] учир Хүүхдийн эрхийн хорооноос гаргасан ерөнхий зөвлөмжүүд нь Хүүхдийн эрхийн тухай конвенциор баталгаажсан эрхийг тайлбарлах албан ёсны тайлбар болдог.[4]
Хүүхдийн эрхийн хорооноос 2013 оны 5 дугаар сарын 29-ны өдөр “Хүүхдийн дээд ашиг сонирхол нь нэн тэргүүнд анхаарах зүйл болох тухай” ерөнхий зөвлөмж №14–ийг гаргасан бөгөөд үүнд хүүхдийн дээд ашиг сонирхлын тухай ойлголтыг хэрхэн тусгасныг авч үзвэл:[5]
Хүүхдийн дээд ашиг сонирхолыг 1. Бие даасан эрх, 2. Хуулийн үндсэн зарчим, 3. Процедурын журам гэх гурван түвшинд тайлбарлаж, үнэлэх шалгуурыг тогтоосон байна.
Хүүхдийн дээд ашиг сонирхол нь дээд зэргийн хэмжээнд анхааран үзэх ашиг сонирхол буюу бие даасан эрх байх тухай:
Хүүхдийн дээд ашиг сонирхол нь хүүхдийн эрхийг хангах бүхий л арга хэмжээний хүрээнд нэн тэргүүнд харгалзан үзэх зүйл байх ёстой. “Нэн тэргүүнд анхаарах зүйл” гэдэг нь хүүхдийн дээд ашиг сонирхолыг бусад эрхтэй ижил түвшинд бус харин илүү давуу түвшинд авч үзэж, анхаарахыг ойлгох юм. Учир нь хүүхэд насанд хүрэгчтэй харьцуулахад ижил түвшинд нийгмийн харилцаанд оролцож чаддаггүй тул хүүхдийн ашиг сонирхолыг илүү давуу юм гэж үзэхгүй тохиолдолд хүүхдийн эрх ашиг сонирхол анзаарагдахгүй орхигдож, хөндөгдөх юм. Иймд хүүхдийн дээд ашиг сонирхол нь “анхдагч анхаарах ёстой ашиг сонирхол” байхаас гадна “дээд зэргийн хэмжээнд анхаарах ёстой ашиг сонирхол” байх ёстой. (it is not simply to be “a primary consideration” but “the paramount consideration”).
Хүүхдийн дээд ашиг сонирхол нь процедурын журам болох тухай:
Хүүхдийн дээд ашиг сонирхолыг нэн тэргүүнд анхаарах зарчим нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлд зааснаар Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд баримтлах зарчим болохын хувьд аливаа байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд заавал баримталж, процедурын журмаар хангагдах ёстой зарчим юм. Иймд аливаа байгууллага хүүхдийн эрх, ашиг сонирхолтой холбогдолтой шийдвэр гаргахдаа шийдвэрийн хүүхдэд нөлөөлөх эерэг болон сөрөг нөлөөллийг харгалзан үзэж, шийдвэрийн үндэслэлд хүүхдийн дээд ашиг сонирхолыг хэрхэн хангасан талаар заавал тусгана. Үүнд: оролцогч улсууд нь хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэр гаргахдаа хүүхдийн дээд ашиг сонирхолыг хэрхэн хүндэтгэсэн, ямар шалгуурын хүрээнд хүүхдийн дээд ашиг сонирхолыг хангахад юуг анхаарсан, бусад эрх, ашиг сонирхлуудаас хүүхдийн дээд ашиг сонирхолыг нэн тэргүүнд анхаарсан талаар тодорхой тусгах шаардлагатай.
Шүүхээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хүүхэд үрчлэлт, гэрлэлт цуцлах зэрэг хүүхэдтэй холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэх тохиолдолд хүүхдийн амьдрал, хөгжилд үзүүлэх нөлөөлөл ялангуяа хүүхдийн хүчирхийлэл, цаашид хүүхдэд хайхрамжгүй хандах хандлага зэргийг нэн түрүүнд харгалзан үзсэний үндсэнд шийдвэрлэх ёстой.[6]
Хүүхдийн дээд ашиг сонирхолыг үнэлэх шалгуур:
Хүүхдийн дээд ашиг сонирхолыг үнэлэх шалгуур нь Хүүхдийн эрхийн тухай конвенцид заасан бусад ерөнхий зарчим буюу 2 дугаар зүйл Ялгаварлан гадуурхахгүй байх, 6 дугаар зүйл Хүүхдийн амьдрах, хөгжих эрх, 12 дугаар зүйл Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хууль тогтоомж болон шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд дэнслэн үзэх явдал хэмээн тайлбарласан бөгөөд хүүхдийн эрхийг ерөнхийд нь дараах байдлаар ангилсан байна.
- Хүүхдийн үзэл бодлын эрх
- Хүүхдийн онцлог (ялгаварлан гадуурхахгүй)
- Хүүхдийн эмзэг байдал
- Хүүхдийн асрамж хамгаалалт
- Хүүхдийн гэр бүлийн орчинг хэвээр хадгалах
- Хүүхдийн боловсрол, хөгжил
- Хүүхдийн эрүүл мэнд (хүчирхийлэлгүй)
Хүүхдийн дээд ашиг сонирхолыг үнэлэх гол шалгуурын нэг нь хүүхдийг өөртэй нь холбоотой аль ч асуудлыг шийдвэрлэхэд конвенцийн 12 дугаар зүйлд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхээр хангах явдал юм. Өөрөөр хэлбэл, конвенцийн 3.1 болон 12 дугаар зүйл нь харилцан бие биенээ нөхцөлдүүлдэг учир хүүхдийн дээд ашиг сонирхолыг хангах ажиллагааны хүрээнд түүнтэй холбоотой асуудалд хүүхдийг үзэл бодлоо илэрхийлэх эрхээр хангах зайлшгүй шаардлагатай болно. Иймд 12 дугаар зүйлд заасан эрхийг хангахгүйгээр хүүхдийн дээд ашиг сонирхол бүрэн илэрхийлэгдэх боломжгүй учир аливаа оролцогч улсууд нь түүнтэй холбоотой асуудлаар шүүх болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны явцад хүүхдийг шууд болон төлөөлөгчөөрөө дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх эрхээр заавал хангах ёстой” хэмээн тайлбарласан байна.[7] Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 13 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалахаас бусад тохиолдолд хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах ёсгүй юм.[8]
Дээрх НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос гаргасан Ерөнхий зөвлөмжид тусгагдсаныг нийтэд нь дүгнэвэл хүүхдийн дээд ашиг сонирхол нь бусад эрх, ашиг сонирхлоос ямагт илүү давуу түвшинд үнэлэгдэж, хамгаалагдах ёстой ашиг сонирхол байх бөгөөд хүүхдийн дээд ашиг сонирхолыг зөвхөн хуулийн үндсэн зарчим төдийхнөөр бус харин бие даасан эрх гэдэг утгаар процедурын түвшинд, бүрэн агуулгаар нь хамгаалах шаардлагатай гэдгийг тайлбарласан байна.
Эх сурвалж: http://www2.ohchr.org/English/bodies/crc/docs/GC/CRC_C_GC_14_ENG.pdf
[1] Монгол улсын нэгдэж орсон олон талт гэрээ, конвенц, 2018 оны 5 дугаар сарын 1-нд үзсэн, http://www.embassymon.at/mn/
[2] Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3, 4, 18 дугаар зүйл. (1990)
[3] Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 43 дугаар зүйл. (1990)
[4] Ч.Алтангэрэл орчуулга, “Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх-Ерөнхий зөвлөмж” Хүний эрх сэтгүүл, Дугаар №2 (2014), х-67.
[5] General Comment No.14 (2013) on the right of the child to have his or her best interests taken as a primary consideration (art.3, para 1), p- 4, 8. http://www2.ohchr.org/English/bodies/crc/docs/GC/CRC_C_GC_14_ENG.pdf
[6] General Comment No.14 (2013) on the right of the child to have his or her best interests taken as a primary consideration (art.3, para 1), p- 4. http://www2.ohchr.org/English/bodies/crc/docs/GC/CRC_C_GC_14_ENG.pdf
[7] General Comment No.14 (2013) on the right of the child to have his or her best interests taken as a primary consideration (art.3, para 1), p-11. http://www2.ohchr.org/English/bodies/crc/docs/GC/CRC_C_GC_14_ENG.pdf
[8] 1. Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл, үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэмэл буюу урлагийн бүтээлийн хэлбэрээр, хүүхдийн сонгосон мэдээлиийн бусад арга хэрэгслээр эрэх, олж авах, дамжуулах эрх чөлөөг багтаана.
Энэ эрхийг хэрэгжүүлэхэд зарим хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ нь хуульд зааснаар:
a) Бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх;
b) Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалахад шаардлагатай байвал зохино.