Монгол улсын хилийн зурвас, хилийн бүст газар эзэмшиж болох уу?


Монгол улсын Үндсэн хуулийн 6-р зүйлд зааснаар газар ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх ба Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байна гэсэн. Монгол улсад газрын тухай харилцааг зохицуулсан үндсэн баримт бичиг нь Газрын тухай хууль байна.

Газрын тухай хуулийг харвал, газрыг Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлнэ гэсэн. Харин гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр “газар ашиглагч” байж болно гэсэн.

Газрыг мөн үндсэн зориулалтаар нь хэд хэд ангилсан байх ба тэр дунд тусгай хэрэгцээний газар гэсэн ангилал бий. Тусгай хэрэгцээний газарт улсын хилийн зурвас газар хамаарна гэжээ. Монгол улсын Хилийн тухай хуульд зааснаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ гэсэн. Гэхдээ Хилийн шугамаас дотогш 15 км газар бүхэн тусгай хэрэгцээнийх болоод эзэмшил, ашиглалтаас хязгаарлагдсан гэсэн үг биш бөгөөд тусгай хэрэгцээний газарт авах эсэх, авсан бол газрын хэмжээ, заагийг тогтоох зэрэг эрхийг УИХ хэрэгжүүлэхээр заасан байна. Мөн Хилийн тухай хуулийн 26.3.1-т зааснаар улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон байна. Харин хилийн бүс гэж хилийн шугамаас дотогш 100 км-ээс илүүгүйгээр хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэрийг ойлгоно гэжээ. Улсын хилийн бүс, түүнд мөрдөх журамд зааснаар тэрхүү бүсэд газар эзэмших, өмчлөхийг хориглосон заалт байхгүй байна.

Монгол улсад газар зохион байгуулалтын үндсэн баримт бичиг гэж байх ба тэдгээр нь улсын, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, тэдгээрт нийцүүлсэн нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө юм. Эхний категорид багтах төлөвлөгөөг 10-20 жил тутам, сүүлийн категорийн төлөвлөгөөг жил бүр батална. Нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг жил бүр тухайн шатны засаг даргын өргөн мэдүүлснээр зохих шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталдаг байна. Жил бүр батлагдаж буй газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх байршлыг тодорхойлсон тухайн жилд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байдаг аж.

Өмнө дурдсанаар газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Гол анхаарах зүйл бол хүсэлт гаргасан газрын байршил нь тухайн аймаг, сумын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заасан, мөн бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалгүй байх ёстой бөгөөд тэрхүү газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг Газрын тухай хуулиар хориглосон байна. Газар эзэмших хугацааны хувьд 15-60 жил хүртэл, сунгах шаардлагатай бол 40 жилээр 1 удаа сунгах боломжтой байдаг байна.