Хуулийн оюутанд: Хэрэгцээт гадаад сайтууд


Интернэтээс бүхий л мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрээс авах боломжтой болсон энэ эрин үед хуулийн оюутнууд бид ч гэсэн өөрсдийн сурах арга барилаа шинэчилж хэрэгтэй мэдээллээ хялбар аргаар авч, энэ боломжийг ашиглан өөрсдийгөө болон хэлний ур чадвараа хөгжүүлэх цаг иржээ. Интернэт гэх энэ мэдээллийн сүлжээнд үнэгүй авч болох мэдээлэл ном, бичвэр, тэр ч бүү хэл сургалт хүртэл байдаг боловч бид төдийлэн өөрт хэрэгтэйгээ олж чаддаггүй ба тэр дунд андуу ташаа мэдээлэл ч агуулагдаж байх магадлал тун өндөр байдаг тул өөртөө шингээж буй мэдлэгийнхээ зөв бурууг ямагт анхаарч байгаарай. Ийнхүү хуулийн оюутнуудад хэрэгцээтэй байж магадгүй англи хэл дээрх веб-сайтуудыг танилцуулъя.

(гарчиг дээр нь дарж сайтуудаар зочлоорой)

1. Above the Law

"Хуулиас дээгүүрх"-т шинэ мэдээ, хуулийн сургууль, хуулийн фирм, аливаа хэрэг маргаан, шүүгч болон шүүхийн талаар олон нийтлэгч, хуульч-сэтгүүлч нарын үзэл бодол, санаануудыг тусгасан веб сайт юм. Үүнд мөн хуулийн ертөнцийн "хөшигний цаадах" дүр төрхийг өгүүлсэн нийтлэл багтдагаараа онцлогтой. 7 хоногт дунджаар 84 мэдээ оруулдаг тул та хэзээ ч юунаас ч хоцрохгүй байхыг хүсвэл энэ сайтын байнгын уншигч болоорой.

2. ABA Journal

Америкийн хамгийн их уншигчтай мөн хамгийн их хүндлэгдсэн хуулийн сэтгүүл (веб-сайт). Америкийн Баарын Холбоотой хамааралтай сайт бөгөөд мөн л 7 хоногт ойролцоогоор 84 нийтлэл оруулдаг маш том цахим сэтгүүл юм.

3. Lawyerist.com

Америкт хуульчаар болон жижиг хуулийн фирм ажиллуулдаг хуульчдын ихээр ханддаг сайт бөгөөд түүний гол зорилго нь хуульчдыг хооронд нь холбож бие биеэсээ туршлага судалж хөгжүүлэхэд оршдог юм.

4. The Fashion Law

Загварын ертөнцөд сонирхолтой бол анхаарлаа нааш нь хандуулна уу. Хуульчид, бизнес эрхлэгчид болон загварынханд зориулсан уг сайт нь загварын хүрээнд болж буй хууль бизнес хоёрыг зэрэг хөндсөн асуудлуудыг бичдэг ба 7 хоногт 9 нийтлэл гаргадаг юм.

5. Lowering the Bar

Хошин шогийн мэдрэмжээр олж авсан зүйлс зүгээр нэг уншиж олж авсан мэдээллээс илүү үлддэг гэдэгтэй маргахгүй биз. Яг энэ аргыг ашиглан Kevin Underhill гэх зохиолч хуулийн мэдээллийг хөгжилтэй, хошин маягаар бичиж нийтэлдэг бөгөөд иргэний эсвэл эрүүгийн эрх зүйтэй холбоотой зарим нэг "хачин" мэдээг хошигнон шүүмжилдэг юм.

6. LawProse

Хуулийн хэллэгт суралцаж, зөв бичиж, зөв найруулж чаддаг болох нь хуульч хүн болгонд эрт орой алинд ч тохиолддог асуудал. Үүнд сургахын тулд уг сайт нь 1991 оноос хойш сард 2 удаа хичээл гаргадаг юм. Өнгөрсөн жилүүдэд 120 000 гаруй Лондон, Женевээс Осака, Бангкок хүртэлх хуульч, шүүгчдэд олон нийтийн болон олныг хамарсан сургалтаа явуулсан туршлагатай төв юм.

7. edX

Хуулийн гэлтгүй ямар ч өөр чиглэлээр алсын зайн богино хэмжээний сургалтанд хамрагдан сертификаттай болох боломжийг олгодог - edX. MIT, Harvard, Berkeley, University of British Columbia, Boston University, Hong Kong Polytechnic University гэх мэтчилэн их сургуулиудын сургалтууд тасралтгүй болдог бөгөөд 2 эсвэл 4 долоо хоногийн нэг курсээ дуусгахдаа амжилттай төгссөн тохиолдолд сертификат авахыг хүсвэл 100-300 доллар төлөн авч болдог юм. Харин курс нь өөрөө ямар ч үнэ төлбөргүй тул энэ мэтчилэн веб-сайтнаас л өөрийгөө хөгжүүлэх боломжийг шүүрч авах хэрэгтэй. Бид ихэнхдээ өөртөө бус төлсөн мөнгөндөө болж хичээх үе байдаг шүү дээ, харин энэ удаад өөрийнхөө төлөө, энэ мэдлэг боловсролыг авахын төлөө хичээгээрэй.