ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ШАЛГАЛТАН ДЭЭР ХУУЛСАН ОЮУТАНД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВДАГ ВЭ?


1. HARVARD UNIVERSITY /2019 оны байдлаар дэлхийн топ сургуулийн 3-т жагссан/[1]

2012 онд Харвардын их сургуульд урьд өмнө үзэгдээгүй нэгэн үйл явдал болсон нь 125 оюутан гэртээ ганцаарчлан хийх ёстой улирлын шалгалтыг багаар хийснээс болж шалгагдаж байсан юм.[2] Тэдгээр оюутнуудын хуулсан нь илчлэгдэж улмаар тодорхой хугацааны дараа сургуульд эхнээс нь шалгалт өгөн эргэн орох эрхтэйгээр сургуулиас хөөх арга хэмжээ авч байсан удаатай.[3] Энэхүү хэрэг нь бусад их дээд сургуулиудын олон оюутнуудаас шалгарч ирсэн оюутнуудад том сануулга болж байсан билээ.

Тэгвэл “Харвардын их сургуулийн оюутанд зориулсан гарын авлага 2018-2019”-д дараах тохиолдолд оюутныг ёс зүйн зөрчил гаргасанд тооцож сахилгын арга хэмжээ авахаар тусгасан байна. Үүнд:

Суралцагчид шалгалтан дээр зөвшөөрөлгүйгээр ном, тэмдэглэл болон бусад электрон төхөөрөмжүүдийг ашиглахыг хориглоно. Мөн шалгалтын үеээр бусадтай материал солилцох, ямар нэг байдлаар бусадтай хамтарч хийхийг оролдохыг хориглоно. Энэхүү журмын хэрэгжилтэнд Хуулийн сургуулийн Захиргааны хороо хяналт тавих бөгөөд шалгалтын журам зөрчсөн суралцагчид дараах сахилгын шийтгэл ноогдуулна.[4] 
   
Сахилгын арга хэмжээ:

Харвардын их сургуулийн Захиргааны хорооноос зөрчил гаргасан оюутнуудад дараах дөрвөн төрлийн арга хэмжээ авдаг. Үүнд: сануулах, сургалтыг түр зогсоох, чөлөөлөх, хөөх арга хэмжээнүүд багтана. Сургалтыг түр зогсооход Захиргааны хорооноос тохиромжтой гэж үзсэн хугацаагаар буюу улирал, нэг жил, эсвэл үүнээс илүү урт хугацаагаар зогсоодог. Эдгээрээс аль ч арга хэмжээ авагдсан байсан тухайн оюутны хувийн мэдээлэлд хадгалагдан үлддэг байна.[5] 

2. UNIVERSITY OF OXFORD /2019 оны байдлаар дэлхийн топ сургуулийн 5-т жагссан/


Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалсан нэгэн төгсөгч интернэтэд шалгалтан дээр хуулснаас өөрөө хийх нь илүү ач холбогдолтой тухай бичжээ. Тэрээр бичихдээ Оксфордын их сургуулийн шалгалт нь ихэнхдээ шахуу хугацаанд эсээ бичих даалгавар өгөгддөг бөгөөд хамгийн сайнаараа хуулсан ч эсэргээрээ энэ нь тийм ч үр дүнгүй, харин үүний оронд шалгалтандаа маш сайн уншиж, бэлдсэн тохиолдолд түүнээс хавь илүү үр дүн өгөх болно хэмээн бичжээ. 


Оксфордын их сургуулийн шалгалтын журамд суралцагчдын шалгалтан дээр хуулахад авах арга хамжээний талаар төдийлөн тусгагдаагүй, харин шалгалтан дээр болон шалгалтын дараа дагаж мөрдөх журмыг зохицуулсан нь ихээхэн сонирхолтой. Тухайлбал, оюутан шалгалтын дараа шалгалтаа дууссаныг найзуудтайгаа тэмдэглэж болох боловч ингэхдээ ямар нэг төрлийн архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. Та бүхэн дараах линкээр шалгалтын журматай дэлгэрэнгүй танилцах боломжтой. /https://www.ox.ac.uk/students/academic/exams/guidance?wssl=1/

3. UNIVERSITY OF LEEDS /2019 оны байдлаар дэлхийн топ сургуулийн 93-д жагссан/


Дээрх сургуулийн хувьд шалгалтан дээр хуулсан оюутанд авах арга хэмжээний талаар тус сургуулийн оюутнуудад зориулсан дотоод дүрэм журамд зохицуулсан байдаг. Үүнд:[6]

Сахилгын арга хэмжээ:

Хэрэв суралцагч шалгалтан дээр хуулах гэж оролдсон болон шалгалтын дүрэм журмын аливаа байдлаар зөрчсөн тохиолдолд нөхцөл байдлыг үл харгалзан дараах арга хэмжээний аль нэгийг заавал авна:
  1. Сургуулиас урт хугацаагаар хасах /ердийн шийтгэл/
  2. Тухайн шалгалт болон тухайн семистрийн зарим эсвэл бүх хичээлийн шалгалтыг дахин өгнө. Дахин шалгалтанд тэнцсэн тохиолдолд тухайн хичээлийн кредит тооцогдох боловч үнэлгээ нэмэгдэхгүй. 
Дараах нөхцөл байдлыг шалгалтын журам зөрчсөнд тооцно. 
  1. Шалгалтан дээр зөвшөөрөгдөөгүй зүйлс авч орох буюу тэмдэглэл /дуу хураасан бичлэг болон цаасан дээрх/, хоосон цаас, гар утас, дуудах төхөөрөмж, зөөврийн компьютер болон бусад электрон хэрэгслүүд
  2. Бусад суралцагчийн материалаас болон өөр бусад зүйлээс хуулах
  3. Зөвшөөрөгдөөгүй эх сурвалжуудаас хуулах болон тэмдэглэгээ хийх /шалгалтанд зөвшөөрснөөс бусад эх сурвалжаас/
  4. Шалгалтын үед бусад суралцагч болон хүмүүстэй ямар нэг байдлаар харьцахыг оролдох /хянагчаас бусад/
Суралцагч дээрх асуудалтай холбоотойгоор “Оюутанд зөвлөгөө өгөх төв”-өөс зөвлөгөө авах боломжтой. 

ОЮУТНУУД ШАЛГАЛТАН ДЭЭР ЯАГААД ХУУЛДАГ ВЭ?

Багш, ажилчид суралцагчдыг шалгалтан дээр хуулахын эсрэг хүчтэй тэмцсээр байгаа боловч орчин үеийн техник технологийн тусламжтайгаар суралцагчид янз бүрийн аргаар шалгалтан дээр хуулсаар байгаа нь дараах хэдэн шалтгаантай байна. [7]
  1. Суралцагчид чанартай мэдлэгээс илүү өндөр сурлагын дүнгээ хадгалахын тулд хуулдаг. Судлаачдын үзэж буйгаар иймэрхүү оюутнууд тухайн суралцах процессоос илүү үр дүнд анхаарлаа хэт хандуулснаас болж шалгалтан дээр хуулахад хүрдэг гэж үзжээ. Иймээс багш нар тэдний мэдлэгийг үнэн бодитойгоор шалгая гэвэл амаар шалгалт авах эсвэл эсээ бичүүлэх нь илүү тохиромжтой гэсэн байна.
  2. Дараагийн нэгэн шалтгаан бол суралцагчид өөрсдийн мэдлэг, чадвартаа хангалттай итгэлгүй байгаагаас болж хуулдаг байна. Иймээс тэд шалгалтандаа унаж магадгүй гэсэн бодлоос болж хуулдаг.
  3. Шалгалтаа сайн өгөх ёстой гэсэн хэн нэгний дарамт шахалтаас болж хуулдаг. Тэднийг сайн сургуульд сайн сурах ёстой гэж ихээр хүсдэг эцэг эх болон бусад хүмүүсийн дарамт шахалтаас болж тэдний итгэлийг алдахгүйн тулд суралцагчид хуулах арга замыг сонгодог байна.
  4. Багш нар сурагчдын чадвар, хичээл зүтгэлд илүү анхаарч, нэгэн ижил хандаж байгааг ойлгосон үед суралцагчид хуулах нь бага байдаг. Харин эсэргээрээ тэдний хичээл зүтгэлийг үнэлэхгүй, шалгалтын үр дүнд илүү анхаарах тохиолдолд суралцагчид хуулах нь түгээмэл байдаг байна. 
  5. Мөн хуулалтын бас нэгэн чухал шалтгаан бол бусад суралцагчдыг даган дуурайж хуулдаг байна. Дийлэнх суралцагчид хуулах нь маш буруу зүйл гэдгийг мэддэг боловч амьдралдаа ямар нэгэн байдлаар хуулж үзсэн байдаг. Хэрэв ангийн бүх оюутнууд хуулж байвал бусдыг дуурайж өөрөө аяндаа хуулж эхэлдэг байна.
  6. Шалгалтандаа хангалттай сайн бэлдээгүй учраас хуулдаг. Тэдэнд хичээлдээ шамдах нь чухал биш, харин сурах сонирхолгүй учраас зүгээр л шалгалтыг давах нь чухал байдаг. 
Гэвч энэ нь тухайн сурагч/оюутныг бусдад чадвар муутай, итгэл даах чадваргүй, ёс зүйгүй, хувиа бодсон болохыг илтгэдэг бөгөөд учир нь хуулах нь худлаа ярьж, хулгай хийж байгаатай нэгэн адил ойлголт юм. Энэ нь чамд болон бусдад туйлын шударга бус үйлдлээс гадна багш нарынхаа хичээл зүтгэлийг үл хүндэтгэж буй явдал юм. Мөн нэг удаагийн тохиолдлоор дуусахгүй цаашид зуршил болох магадлалтай байдаг байна. Амжилт гагцхүү шаргуу хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог бөгөөд ийнхүү амар хялбар арга замыг сонгох нь гагцхүү цаг хугацааг дэмий үрж буй хэрэг юм. [8] 

Эх сурвалж: